“Нарны хороолол”, “Рапид харш”, “River garden” зэрэг хорооллуудын халуун, хүйтэн усыг хязгаарлажээ

Admin | 2022-03-01


Хан-Уул дүүрэгт байрлах “Нарны хороолол”, "Рапид харш", “River garden”, “Хурд” зэрэг томоохон хорооллуудын халуун, хүйтэн усыг өчигдөр хаажээ. Дээрх хорооллуудын оршин суугчид “конторын зүгээс ямар нэг мэдэгдэл, мэдээлэл өгөхгүйгээр усны хэрэглээг хааж олон мянган айлын эрх ашгийг зөрчлөө” хэмээн санал гомдлоо илэрхийлээд байгаа юм.  Хэрэглээний усыг яагаад хаасан талаар албаныхнаас тодруулахад тус хорооллыг хариуцдаг "Цэнгэлдэх"ОСНААК ХХК нь Улаанбаатар дулаан дамжуулах сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэгт нийт 300 сая төгрөгийн төлбөрийн өртэй юм байна. Тиймээс усны хязгаарлалтыг ийн хийжээ.

А.Жаргал: Оршин суугчдад ямар ч мэдэгдэл хийгээгүй. Гэнэт л ус тасарчихсан.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар оршин суугч А.Жаргалаас тодрууллаа.

-Та аль хорооллын оршин суугч вэ. Хэзээ ус хязгаарласан бэ?

-Би “Хурд” хорооллын оршин суугч. Өчигдөр орой гэнэт л ус тасарчихсан байсан. Халуун, хүйтэн ус хоёулаа байхгүй.

-Ус хаах талаар ямар нэг байдлаар урьдчилж хэлсэн үү?

-Үгүй. Орой ажлаасаа иртэл усгүй байсан. Уг нь ямар нэг асуудал байвал оршин суугчдад урьдчилж мэдэгдэх ёстой шүү дээ. Хичнээн мянганн айл бий. Янз бүрийн асуудал байж болно. Ядаж ус хаах талаар мэдэгдсэн бол хүн чинь дараагийн арга хэмжээг авна ш дээ.

-Яагаад ус хязгаарласан юм бол?

-Орон сууцны контор ус, дулаан, цахилгааны төлбөрийн нэлээд их хэмжээний үлдэгдэлтэй юм гэсэн. Мэдээж оршин суугчид төлбөрөө  хийх ёстой. Манайх сар бүр цаг хугацаанд нь төлбөрөө хийгээд явдаг. Гэхдээ төлбөрөө төлөөгүй айлуудаас болж төлсөн айлуудыг хохироож болохгүй шүү дээ. Үүнийгээ контор өөрөө зохицуулах ёстой.

Оршин суугч С.Туяа “Манайх “Нарны хороолол”-д амьдардаг. Манайхыг хариуцдаг “Цэнгэлдэх” ОСНААК нь энэ хавийн "Рапид харш", “River garden” зэрэг хорооллуудыг хариуцдаг гэсэн. Бүгд ус тасарчихсан. Оршин суугчид мөнгөө төлөөгүй удааснаас болж улсад их хэмжээний өр үүссэн учраас ийм байдалд хүрсэн юм байна. Манай хороолол гэхэд л 100 сая төгрөгийн өртэй юм байна. Контор руу холбогдож яагаад ус тасарсан талаар асууж тодруулахад оршин суугчдын 60 хувь нь төлбөрөө төлөөгүй гэсэн. Тэглээ гээд өөрсдийнхөө хариуцлагагүй ажлыг оршин суугчидад үүрүүлэж ус хааж байгаа нь үнэхээр бүдүүлэг хэрэг. Яагаад иргэдэд хэлж, хангалттай мэдээлэл тарааж, тэр өр төлбөрийнхөө араас явсангүй вэ. Оршин суугчид бухимдлаа хорооллын группт илэрхийлсээр байгаа. Зарим нь 11-11 төв рүү залгаж гомдол мэдүүлсэн гэж байна лээ” гэв.

"Цэнгэлдэх"ОСНААК ХХК-ийн байцаагч: Айлуудын хаалган дээр төлбөрийн мэдээлэлтэй цаас наасан

Ингээд "Цэнгэлдэх"ОСНААК ХХК-ийн байцаагчтай холбогдож үүсээд буй асуудлын талаар тодрууллаа.

-Ус хязгаарласан шалтгааныг тодруулж болох уу?

-“Цэнгэлдэх” ОСНААК ХХК тодорхой хугацаагаар халуун хүйтэн усны хязгаарлалтад орчихоод байгаа.

-300 орчим сая төгрөгийн өр үүсчихээд байгаа гэдэг нь үнэн үү?

-Тийм ээ. Манайх дамжуулагчийн үүрэгтэй. Оршин суугчдын төлсөн мөнгийг бид дулаан, ус, цахилгаан руу шилжүүлдэг. Гэтэл оршин суугчдын ихэнх хувь нь төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэж ийм байдалд хүрчихээд байна. Оршин суугчид Засгийн газраас төлж байгаа гэж бодоод байна. Гэтэл бид ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлнө, татвар төлнө гээд бусад зардлаа ч даахад хүнд болоод байна.

-Танайх яг аль хорооллуудыг хариуцдаг вэ?

-“Нарны хороолол”-ыг л хариуцдаг.

-Гол нь оршин суугчид урьдчилж мэдэгдэлгүйгээр ус хаалаа гэсэн гомдол их гаргаж байгаа юм байна?

-Он гарснаас хойш ус, дулааны хэрэглээний төлбөрөө айлууд өөрсдөө төлж эхэлсэн. Тийм шийдвэр ч гарсныг улс даяараа мэдэж байгаа. Гэтэл айлууд энэ байдалд хойрог хандаж ихэнх нь төлбөрөө төлөөгүй байгаагаас болж манай конторт их хэмжээний өр үүссэн.

-Оршин суугчдын зүгээс урьдчилж мэдэгдсэнгүй гэсэн гомдол, бухимдалтай байна. Яагаад мэдэгдээгүй юм бэ?

-Манай төлбөр тооцоо сар бүрийн 25-наар таслагддаг. Төлбөр эхлээд нэг сар болж байна. Хоёрдугаарт оны өмнөх хоёр, гурван сарын улсаас төлөгдөх төлбөр тооцоо нь орж ирээгүй байгаа. Ийм нөхцөл байдлаас болоод тодорхой хязгаарлалтад ороод байна.

-Суугчдад усны хязгаарлалтыг мэдэгдэж болоогүй юм уу?

-Би гэхэд л 1000 гаруй өрхтэй ажилладаг. Нэгдүгээр сарын бүх өрхийн хаалган дээр төлбөрийн мэдээлэл бүхий цаасыг наасан.Тэр чинь төлбөрөө төлөө гэсэн үг биз дээ. Зурагт, радио зэрэг нийтийн мэдээллийн сувгаар улс төлөхгүй иргэд өөрсдөө ус, дулааныхаа мөнгийг төлнө гэсэн утгатай мэдээлэл байнга л цацагдаж байгаа шүү дээ. Иргэдэд би хэрэглээнийхээ төлбөрийг төлөх ёстой гэсэн ухамсар суусан байх ёстой шүү дээ.

-Дээрх хорооллуудад ус хэзээ ирэх вэ?

-Оршин суугчид төлбөрөө төлж байж бид хязгаарлалтаасаа гарах байх. Суугчид өчигдрөөс эхлээд төлбөрөө хийж байна. Өнөөдөр ч гэсэн өглөөнөөс эхлээд их идэвхитэй байна. Мэдээж зарим айлууд сар бүр тогтмол төлдөг байж ингэж хохирмооргүй байна гэж бухимдлаа илэрхийлж байна. Буруутгах аргагүй гэв.

                                                                                                                   Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)