""Тавантолгой түлш" компанид хийсэн шалгалтаар хөдөлмөр хамгаалал болон байгаль орчныг сэргээн засварлах ажил хангалтгүй гэх зөрчил илэрсэн"

Admin | 2022-03-02


“Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт Сонгинохайрхан дүүргийн алба хаагчид хоёрдугаар сарын 28-нд хяналт тавьж ажилласан байна.  Тодруулбал, тус компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар болон тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран шалгажээ. Энэ талаар СХД-ийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны ахлах прокурор А.Дэлгэрмөнхөөс тодрууллаа.

-  Та бүхний зүгээс Тавантолгой түлш компанийн дотоод үйл ажиллагааг хянаж, шалгасан байна. Энэ үеэр ямар зөрчил илэрсэн бэ?

- Тавантолгой түлш компанид 3,000 орчим хүн ажилладаг гэх мэдээлэл бий. Бидний зүгээс өнгөрсөн онд судалгаа хийж үзэхэд зөрчлийн 12, гэмт хэргийн 11 гомдол мэдээлэл ирж, цагдаагийн байгууллагаар шалгаж шийдвэрлүүлсэн байдаг. Иймээс хамтарсан байдлаар шалгалт хийх төлөвлөгөө гаргаж ажилласан.

Тус компанийн баруун бүсийн үйлдвэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан хяналт тавьж ажиллалаа.  Шалгалтаар, хөдөлмөр хамгаалал болон байгаль орчныг сэргээн засварлах ажил хангалтгүй гэх зөрчил илэрсэн.

Түүнчлэн архидан согтуурсан дуудлага цөөнгүй ирсэн байсан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллагууд дотооддоо зохион байгуулах ёстой байдаг. Гэтэл энэхүү ажил нь хангалтгүй байгаа юм. Иймээс Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагаас шалгалтын хүрээнд энэ чиглэлд сургалт зохион байгуулсан.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд тухайн байгууллагын хүлээх эрх үүргийг тодруулбал?

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 30.1 дүгээр зүйлд зааснаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг хүлээдэг. Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

- 30.1.1.байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах;

- 30.1.2.үйл ажиллагаа явуулж байгаа байршил, түүний ойр орчимд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг авах;

- 30.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг ажилтнууддаа мэдээлэх, сурталчлах;

- 30.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр, төлөвлөгөө, арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэмээн заасан байдаг.

 Эх сурвалж: СХДПГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)