Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг уян хатан байдлаар зохицуулах шийдвэр гарсан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 цаг гэж өөрчлөлт оруулах санал боловсруулж хэрэгжүүлсэн байдаг билээ. Энэхүү зохицуулалтын талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Хичээлийн цагийн хуваарьт зохицуулалт хийж 07:45 цагт эхний хичээл эхлэж байгаа нь хэр үр дүнтэй байна вэ?
Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар дунд сургуулийн эцэг эхчүүдийн байр суурь:
“ЕБС-ийн хичээлийн цагийг өөрчлөөд үр дүнд хүрэхгүй болов уу даа. Сайндаа нэг, хоёр цагийн л зөрүү гарна”
П.Нэмэхжаргал: ЕБС-ийн хичээлийн эхний цагийг 08:00 цагт байсныг 07:45 цагт болгосон. Ер нь арав, хорин минутад ялгаа байна уу. Үгүй байх гэж бодож байна. Түгжрэл багассан юм алга л байна.
Б.Энх-Учрал: Хичээлийн цагийг өөрчлөөд үр дүнд хүрэхгүй болов уу даа. Сайндаа нэг, хоёр цагийн зөрүү л гарна. Цагийн өмнө, 30 минутын өмнө түгжрэлээ зохицуулах гэж хүмүүс эрт гэрээсээ гарна. Түгжрэл үргэлжилсээр байх болов уу гэж бодож байна.
Б.Бадамханд: Сургуулийг нэг ээлжтэй болгосон нь дээр. Хэнд ч хэрэггүй, хүүхдэд маш их дарамттай олон хичээл байдаг. Тэр хичээлүүдийг зоригтой, шууд хасаад хаячих хэрэгтэй.
Ж.Алтантуяа: Буруу цаг үедээ буруу шийдвэр гаргасан гэж бодож байна. Хичээллэх цагийг хойшлуулах шийдвэрээ дулааны улиралд боломжоороо шилжүүлмээр юм.
Г.Төгөлдөр: Үр дүнг нь хэлж мэдэх юм алга л байна. Өмнөх орж байснаасаа эрт орж байгаа болохоор түгжрэл арай гайгүй үед нь ирж байгаа болохоор зүгээр байна. Би өөрөө хоёр хүүхэдтэй. Хоёулаа өөр өөр сургуульд сурдаг. Охин маань гэртэйгээ ойрхон сурдаг учраас амар байдаг. Харин хүү маань жаахан хол. Ер нь гэрээсээ эрт л гарвал хоцрох асуудал үүсэхгүй дээ. Миний хувьд ажилдаа амжаад л очдог.
А.Батсүх: Хүүхдээ хүргэж өгчхөөд л шууд ажилруугаа явж байна. Гэр ойрхон болохоор амар байдаг юм. Эрт харанхуй болж байгаа болохоор цаг урагшлах нь хүүхдүүд босоход л жаахан хүндрэлтэй байна. Түүнээс өөр хүндрэлтэй зүйл алга.
“ЕБС-иудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон”
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийсэн. Зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцож байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Мөн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулга явуулахад асуулгад оролцогчдын 70 хувь дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэсэн юм.
Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Мөн Тээврийн цагдаагийн албанаас Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм.
Цагийн зохицуулалтаар:
-Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,
-Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15 сургуулийн 26189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,
-Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14