“17” продакшн болон “Voo” суваг хамтран бүтээсэн “Хохирогч” олон ангит кино энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох юм байна. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулагчаар ажиллажээ. Киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тоглосон байна. Киноны гол дүр болох Хандаагийн дүрд тоглосон жүжигчин Н.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Танд хоёр гол дүрийн эмэгтэйн дүрээс сонголт хийх боломж гарсан гэж байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?
- Тийм ээ. Уг кино хоёр эмэгтэй гол дүртэй. Киноны найруулагч, зохиолч Б.Амарсайхан маань “Ийм дүр байна, ирээд зохиол уншаад үзээч” гэсэн саналыг тавьсан. Зохиолыг уншаад сэтгэл их хөдөлсөн. Кино зохиол маш их таалагдсан. Зохиолч маань “Чамд аль нь илүү таалагдаж байна” гэж асуусан. Гол дүрийн хоёр эмэгтэйн дүр хоёулаа таалагдсан. Гэхдээ Гэрэлээ гээд гол дүрийн эмэгтэйн хамтрагчид залуу жүжигчин Э.Чинзориг тоглосон. Тиймээс Гэрэлээгийн дүрд залуу хүн байсан нь дээр юм байна гэж бодсон. Тэгээд Хандаагийн дүрийг сонгосон.
-Таны хувьд ихэвчлэн намбалаг, буурь суурьтай эхнэр болон найз охины дүрд тоглодог шүү дээ. Тэгвэл энэ удаагийн Хандаагийн дүр өөр байж чадах болов уу?
-Миний хувьд Хандаагийн дүрийг сонгосон бас нэг шалтгаан маань жүжигчин хүний хувьд өөрийгөө шинэчилж, өөр харагдах зорилготой байсан. Илүү хөнгөн кинонуудад дүр бүтээж байсан бол энэ удаад үзэгчдэдээ өөрөөр харагдахыг илүүд үзсэн. Киноны маань зохиол ч их ээдрээтэй, адармаатай учир зохиолдоо маш их татагдсан.
-Хандаагийн дүр юугаараа онцлогтой вэ?
-Хандаагийн дүр энэ нийгэмд байгаа бүсгүйчүүдийн л төлөөлөл. Гэхдээ энэ дүрээр үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл болоод гэнэн итгэмтгий зангаасаа болж хохирч үлдэж байгааг харуулдаг.
-Хандаагийн дүрээр та бусдад юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Хүн болгонд нөхөрлөл үнэ цэнтэй. Гэтэл хүн амьдралд нөхөрлөлдөө яг үнэнч байж чаддаг уу. Яг амьдралд хэцүү зүйл тохиолдоход тэр нөхөрлөлийн нандин хэсгээ гаргаж чаддаг уу гэдэгт миний дүрийн эргэлт оршино.
-“TV COCKTAIL” хамтлагынхан нэгдэж уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү?
-Бидний хувьд тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байна. Бид олон жил хамтарч уран бүтээл хийсэн. Хэсэгтээ өөр хүмүүстээ ажиллаж туршлага хуримтлуулах нь зөв байх. Бид хамтлагаараа амьдрал дээрээ үргэлж холбоотой байдаг. Цаг нь болохоор хамтарч уран бүтээл хийнэ.
-Дараагийн уран бүтээлийн санал ирчихсэн байгаа юу?
-Уран бүтээлийн олон санал ирсэн. Энэ киногоо бусдад яаж хүрэхийг л хүлээж байна даа. Цаашдаа илүү чанартай уран бүтээлүүдэд дүр бүтээхийг хүсэж байна.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2024-11-25
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14