Оюутнуудын шалгалтыг ирэх оны хоёр сарын 15-ны дотор зохион байгуулна

Admin | 2021-12-12


Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг энэ оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

Мөн сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлж, энэ талын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт даалган, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриаллаа.

Түүнчлэн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгов. Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулахыг холбогдох сургалтын байгууллагуудад даалгалаа.

Мөн шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)