Д.МӨНХБАТ: Ачаа барааг чингэлгээр оруулж ирэх болсноор тээвэрчид ажилгүй болж Л.Халтар сайд нарын хүмүүс хөлжиж байна

Admin | 2022-03-14


Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Замын-Үүд боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд тусгай дэглэм тогтоосон. Энэ хүрээнд Шадар сайдын тушаалаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс улсын хилийн шугам дээр чингэлэг солих байдлаар эхлүүлсэн билээ. Ачаа тээвэрлэлтийг чингэлэг тээврээр зөөх болсон нь тээвэрчдийг ажилгүй болгож, үнийн хөөрөгдөлтийг бий болгож байна хэмээн тээвэрчдийн төлөөлөл эсэргүүцэн төв талбайд жагсаад байгаа юм. Энэ талаар Улс хоорондын тээвэрчдийн нэгдсэн холбоодын зөвлөлийн гишүүн Д.Мөнхбаттай ярилцаж санал бодлыг нь сонслоо.

-Тээвэрчдийн тавьж буй гол шаардлага юу вэ?

-Засгийн газраас нэгдүгээр сарын 12-нд 27 дугаар тогтоол гэж гаргасан. Уг тогтоолыг хүчингүй болгож өгөөч ээ гэж жагсаалыг зохион байгуулж байна. 27 дугаар тогтоолд “үнийн хөөрөгдлийг бууруулна” гэж бичсэн байсан улам өсгөчихлөө. Биднийг тээвэртээ оролцох боломжгүй болгож байна. Чингэлэг тээвэр оруулж ирэх гурван компани нь хятадын хөрөнгө оруулалттайгаар энэ олон тээвэр эрхлэгчдийн ажлыг булааж байна. Төрийн нэр барьсан хэдэн сайд, дарга нараас болж бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсчихлөө шүү дээ. Гэтэл ард түмний амьдрал, цалин мөнгө хэдэн төгрөг байгаа билээ.

Лангуун дээрх бараа бүтээгдэхүүний үнэ, иргэдийн цалин хоёрыг харьцуулахад л амьдрал ямар байгааг мэдэж болно. Жолооч нарыг үнэ өсгөчихлөө гээд байна, үгүй шүү дээ. Яг үнэ өсгөсөн хүмүүс нь чингэлэг тээвэр гэдэг зүйлийг оруулж ирээд, үнийг бүтэн нугалж байгаа нөхдүүд. Бид хэзээ ч “тэдэн мянган төгрөгөөр ачаа ачна” гээд үнэ тогтоосон зүйл байхгүй, тийм эрх нь ч алга.

-Задгай тээвэрлэлтээр өдөрт хэчнээн машин бараа орж ирдэг байв. Одоогийн орж ирж буй нэг чингэлгийн ачаа задгай тээвэр хоорондох ачааны зөрүү бий юү?

-Байгаа. Бидний нэг машин 3 чингэлэгтэй дүйцэхүйц бараа авчирна. Ингэснээр үнэ хоёр дахин бууна. Ийм л энгийн зүйлийг бид шаардаад байгаа юм.  Хятадын хязгаарлалтаар өдөрт 100 машин ордог байсан. Одоо 50-60  чингэлгийг задгай машинд хувааж хийгээд үзэхээр 18-20 машинд ачаад л болчихож байгаа юм. Тэгэхээр 100 машин ачаа орж ирдэг байсныг 20 машин болгочихоод түүнийгээ 60 чингэлэгт хийгээд болж байна гэж үзэж байгаа нь өрөөсгөл. 100 машин явж байтал түүнийг 20 машин болгочихоор үнэ хөөрөгдөх нь зөв биз дээ. Ийм зохиомол хөөрөгдөл өөрсдөө үүсгээд тэр дундаасаа хэдэн тэрбумаар нь “идэж”  байна.  Монголд орж ирэх ачаа багасч, үнэ өссөн гэж ойлгож болно. Бид энгийн үед сард 8-10 удаа ачаанд гарчихдаг байсан бол одоо дугаарлаж ганц удаа гарч байх жишээтэй. Үнийн өсөлтийг ард иргэд, наймаачид л үүрч байна. Харин орж ирж байгаа ашгийг нь Л.Халтар сайдын бүлэг хүмүүс  хүртэж байна. Л.Халтар сайд “Үндэсний тээвэрчдийн корпораци” гэж байгуулсан. Гэтэл өөрийнх нь хамааралгүй хоёр компани ороод ирэхээр, задгай вагоноор 250 чингэлэг ачаа оруулж ирчихээд түүнийг нь Л.Халтар сайдын хамаарал бүхий нөхдүүд л зөөж байна шүү дээ. Тэгэхээр энэ ашиг сонирхлын зөрчил биш гэж үү.

-Дээрх тогтоолд орон нутгийн тээвэрлэлтийг оролцуулахгүй гэсэн байсан шүү дээ. Энэ тухайд?

-Тийм, орон нутгийн тээвэрлэлтийг оролцуулахгүй ээ гээд нэмээд стандарт хийгээд өгчхөж байгаа юм. Тэгэхээр орон нутгийн хувь машинтай хүмүүс тээвэрлэлтэд оролцох боломжгүй болчхоор хэн тэр тээврийг хийж, ачаа барааг зөөх вэ. Чингэлэг тээвэр гэх тогтоолд Хятад улсын хөрөнгө оруулалттай гурван компанийг оролцуулж байгаа юм. Тэр компаниудаас стандартын гэх тодотголтой ачаа зөөх машинаа авчихсан. Мөн жолооч нарыг нь төрийн байгууллагын буюу хилийн цэргийн, онцгой байдал зэргийн тусгай жолооч нарыг татаж авчраад 27 дугаар тогтоолоо хэрэгжүүлээд байна. Тэд чинь ч бас ажил амьдралтай хүмүүс шүү дээ. Тэнд хоригдоод машин бариад байх нь учир дутагдалтай. Гэтэл яг үндсэн ачаа тээвэрлэлтийн жолооч нар нь ажилгүй, цалингүй хоосон хоцорчихлоо. Энэ мэт тус тогтоолын бодлого өөрөө буруу байна. Энэ бол Зам тээвэр хөгжлийн яаманд хамаатай хэдэн дарга нарын л мөнгө босгох арга шүү дээ. Зам тээврэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв та бүхний ашиг сонирхол орсон дээшээ уламжлаад байгаа энэ тогтоол чинь амьдралд нийцэхгүй байна аа. Уг тогтоолоо дахин нэг хараач гэж шаардаж байна.

-Тус шаардлагыг ямар холбоод хамтарч гаргаж байна вэ?

-Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулдаг зургаан Авто тээврийн холбоо, Улаанбаатарт буй гурван холбоо, Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл тус тус нэгдэж есөн хүнийг төлөөлөл болгон сонгоод жолооч нарынхаа саналыг авч санал хүсэлтээ дээш хүргүүлсэн. Бид гарсан шийдвэрийг нь дагах л зорилготой байна.

-Зам тээвэр, хөгжлийн яамнаас өөр албаны хүмүүст шаардлага хүргүүлэв үү?

 -Зөвлөлийнхөн холбогдох шат шатны хүмүүст шаардлагаа хүргүүлсэн. Албаны хүмүүс өөрсдөө уулзаасай. Мөн бидний зовлонг хамгийн их ойлгох хүн маань У.Хүрэлсүх ерөнхийлөгч шүү дээ. Өөрөө “Зил-30” машин унаад давхиад бичлэг хийгээд яваад байдаг. Ерөнхийлөгч өө “Зил-30” машин унаад тээвэр хийгээд байсан чинь тээврийг чинь булаачихлаа, машиныг тань гэрийн чинь гадаа хүлчихлээ. Та ийм байдалд орвол яах вэ, хэнд хандах вэ. Одоо бодит амьдралдаа буугаад биднийг өөрийнхөө оронд тавиад үзээч.

                                                                                                                                                А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)