Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлажээ

Admin | 2022-03-14


Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэжээ. Риновирусийн гаралтай томуу, томуу төст өвчин эрчимтэй нэмэгдэж, нийт хүүхдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсэний 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Иймээс гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлажээ. 

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл ихэссэн учир сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хаахаас өөр аргагүй болсон гэв. Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад, ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа аж. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанаас түр хугацаанд тусгаарлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Тус шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)