“Эрдэнэс Монгол” компани тодорхойгүй хугацаагаар сул зогсолт зарлажээ

Admin | 2022-03-15


“Эрдэнэс Монгол” компани нь хөрөнгийн дутагдалд орж үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Хэд хэдэн охин компаниудынх нь ажил цалгардаж, зарим дэд захирлууд нь ажилдаа ирэхгүй байгаа. Тус байгууллагаас санхүүждэг арваад охин компанийн 100 гаруй ажилтан аравдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй, ажлаа хаяхад хүрээд байна гэх мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын дундаас дуулдаж эхэлсэн. Тухайн үед тус компаниас тус мэдээллийг эрс үгүйсгэж байсан билээ. Гэтэл энэхүү мэдээлэл батлагдаж, тус компани "Сул зогсолт хийжээ".

Тодруулбал, тус компани 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаж, гуравдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар сул зогсолт хийж байгаагаа зарлажээ. Сул зогсолт хийх болсон шалтгаан нь ковидын нөлөөгөөр экспорт багасч санхүүгийн хүндрэл бий болсонтой холбоотой аж. Сул зогсолтод хамрагдах ажилчдын нэрсийн жагсаалтыг ч гаргасан байна.

Улсын стратегийн ордуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангадаг, асар их мөнгөний эргэлттэй компани бол “Эрдэнэс Монгол”. 2019 онд 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн түүнээсээ ногдлол ашиг хуваарилж асан компани. Гуравхан жилийн дотор цалингаа тавьж чадахгүйд хүрчихсэн гэх мэдээлэл үүгээр баталгаажив уу, гэдэг нь эмгэнэлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)