Бага насны хүүхдүүдийн дунд цахилгаан менингококктын хоёр тохиолдол бүртгэгдэж нэг нь нас барсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл хоёроос дээш насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр менингитийн эсрэг вакцинд хамруулж эхлээд байгаа билээ. Тус вакциныг зөвхөн ХӨСҮТ-д хийж байгаа нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар болон бусад эрсдэлийг дагуулж байгаа талаар иргэд шүүмжилж байгаа юм.
Менингитийн эсрэг вакцинд 967 хүүхэд хамрагджээ
Бид ХӨСҮТ-д нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжилхаар өдрийн 12:00 цагийн үед очсон юм. Биднийг очиход вакцины өрөөний үүдэнд цөөн хүн хүүхдүүддээ менингитийн эсрэг вакцин хийлгэхээр дугаарлаж байв.
Менингитийн эсрэг вакцинжуулалтыг өнгөрөгч баасан гарагаас хийж эхэлсэн ба энэ үеэр иргэдийн ХӨСҮТ-ийг зорих тоо эрс нэмэгдсэн аж. Нийслэлийн хэмжээнд ганцхан цэгт менингитийн эсрэг вакцин хийж байгаагаас ХӨСҮТ-ийн амбулатори олны хөлд дарагдаж байсан бол өнөөдрөөс багассан гэж албаны хүмүүс мэдээллээ.
ХӨСҮТ дэхь вакцин хийж буй эмч нараас нөхцөл байдлын талаар тодруулахад “Өнөөдрөөс вакцин хийлгэх хүмүүсийн дараалал эрс багассан. Анх 2 наснаас дээш бүх насныханд хийж байсан бол одоо 2-5 хүртэлх насныханд хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр байдлаар 90 гаруй хүүхдэд менингитийн вакцин хийсэн. Нийтдээ 967 хүүхдийг вакцинжуулсан байна. Манайхан нийтээрээ заавал менингитийн эсрэг вакциныг хийлгэх ёстой мэт олноороо ирж ачаалал үүсгэж байна. Тэгэх шаардлагагүй бид голомт болсон дүүргийн харьяа газарт хавьтлуудыг олж хяналтад авсан. Ханиад томуу их энэ үед олноор ирж хэт дараалал үүсгэх нь улам л эрсдэлтэй. Хүүхэд битгий хэл том хүмүүс хэвлэл мэдээллийн мэдээнд автан айдаст автаж вакцинд хамрагдахаар хүртэл ирж байна. Өрхийн эмнэлгүүдээр хийгээгүй. Зөвхөн ХӨСҮТ-д менингитийн эсрэг вакцинжуулалт хийж байна” гэсэн юм.
Менингитийн вакциныг төлбөртэй хийх үү?
Менингитийн эсрэг вакцинжуулалтад 22 мянган төгрөг төлж хамрагдах ба төлбөрөө заавал картаар хийх аж. Хэрэв хүүхэд ханиадтай, халуунтай, архаг хууч өвчтэй байвал эмчийн заавар зөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг хийх юм байна. Вакцины хамгаалалтын хугацаа 3-5 жил юм байна. Сайн дурын дархлаажуулалтын вакцинжуулалт 08:30-14:30 хүртэл хийгдэнэ.
С.Энхболд: Менингитийн эсрэг вакцинжуулалтыг ковидын эсрэг вакцин шиг олноор хамруулж хийдэггүй
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа дараах тайлбарыг хийсэн юм. Тэрбээр, “Манай улсад томуу, томуу төст өвчнөөр жилдээ 120-130 мянган хүүхэд өвддөг. Менингококкын өвчин жил бүр гардаг. Гэхдээ сүүлийн таван жилд 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ жилийн хувьд нэг айлын 4 хүртэлх насны хоёр хүүхэд уг халдвараар өвчилж нэг хүүхдийн амь нас эрсдэж, нэг хүүхэд маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Менингитийн эсрэг вакцинжуулалтыг ковидын эсрэг вакцин шиг олноор хамруулж хийдэггүй. Хүмүүс цахимаар худал мэдээлэл авч, түүндээ итгэж бужигнаж хэт туйлширч эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна. Вакцинаа жилд бүртгэгдэж буй тохиолдлын тоотой уялдуулан захиалж авдаг. Тодорхой тоон хязгаартай учраас вакцины цэгийг нэмэх шаардлагагүй” гэв.
Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:
-Менингит өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх;
-Нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;
-Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
-Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
-Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
-Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14