Хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр орсон, нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг тухай бүрт нь торгож, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар хүргэдэг болоод удаж байна. Гэсэн ч хуульд “15 хоногийн дотор торгуулиа төл” гэж заасныг биелүүлдэг чих зөөлөнтэй нөхөд ховор. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын лизингээр машин авсан жолооч нар л торгуулийн төлбөрөө хугацаандаа төлдөг гэхэд болно. Харин бусад нь автомашинаа зарах үедээ л өрөө төлж барагдуулдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл торгуулиа төлөөгүй жолоочид төрийн үйлчилгээг хязгаарладаг болох талаар ярилцаж байгаа аж.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Б.Батболд “Жолооч нарын торгуулийг бэлэн бусаар ногдуулдаг болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт муу болсон.
Учир нь жолооч нар торгуулийн 60 хувийг төлж, үлдсэн 40 хувийг огт төлөхгүй байна. Тиймээс торгуультай тээврийн хэрэгсэлтэй жолоочид төрийн үйлчилгээг хязгаарлах зохицуулалтыг хийж байна. Жолоочид дэг журамтай болбол зам тээврийн осол багасна” гэжээ.
2019 онд 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч, 200-гаас дээш торгуультай гурван жолооч бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байна. Харин 100-гаас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин, 300-гаас дээш торгуультай хоёр, 200-гаас дээш торгуультай ес, 101-231 хүртэл удаагийн торгуультай нийт 340 автомашин байв.
Дашрамд дурдахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх байсан. Өршөөлийн тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрх сэргэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14