Германы эрдэмтэн Роберт Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийг анх нээжээ. 1995 онд ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/, Нидерландын Сүрьеэгийн сантай нийлж дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг үе шаттай тэмцэх хэрэгтэй байна гэж дүгнэснээр 1996 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины өвчинтэй тэмцэх холбооноос анх сүрьеэгийн эсрэг тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. 1997 оноос эхлэн дэлхий даяар энэ өдрийг жил бүр тасралтгүй тэмдэглэж байна. 2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг - “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”- уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Монгол Улс 3 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ /Нэгдсэн Үндэсний байгууллага/-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх халдварт өвчний нэг юм. Өдөр бүр 4000 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэхүү өвчнөөр 30,000 орчим хүн өвчилж байна. ХДХВ /-ийн халдвартай хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд нянгийн эсрэг тэсвэржилтийн голлох шалтгаан болдог. ДЭМБ-ын Сүрьеэтэй тэмцэх стратеги болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (Тогтвортой хөгжлийн зорилтууд)-ийн хүрээнд Дэлхий нийтээр Сүрьеэ өвчнийг 2030 онд таслан зогсоохоор шийдээд байна.
Энэ жилийн сүрьеэгийн олон улсын өдрийг тохиолдуулан “Сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэг эрт илрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг үндэсний хэмжээнд Нийслэл Улаабаатар хот болон Хөвсгөл, 21 аймагт цахимаар зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн газар Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран зохион байгуулав. Сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрт илрүүлэгийг эрчимжүүлж, улмаар сүрьеэгийн өвчлөлийг бууруулах шаардлагатай.
Энэхүү зөвлөгөөнөөр сүрьеэгүй ирээдүйн төлөө хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулж цаашид нутгийн захиргааны байгууллагуудын оролцоог сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр илүү олон сая хүний амь насыг аварч, сүрьеэ өвчний тархалтын таслан зогсоох үйл явцыг хурдасгах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 3-т, харин сүрьеэ болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй Дэлхийн 30 орны тоонд орсныг 2020 онд зарласан. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, нийтийг хамарсан болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон зохицуулалтын улмаас сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо буурч, бүртгэгдвэл зохих сүрьеэгийн тохиолдол зорилтот түвшинд хүрэхгүй байна. Тодруулбал, сүрьеэгийн илрүүлэг 2019 онд 34%, 2020 онд 28.7%, 2021 онд 20.8% болж буурсан байгаа нь сүрьеэгийн өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж буй юм.
Жил бүр 1.1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилдөг бөгөөд тэдний бараг тал хувь нь 5-аас доош насныхан байна. Тэдгээрийн талаас илүү хувь нь дэлхий даяар жил бүр оношлогддоггүй. Хүүхэд, өсвөр үеийнхэнд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд зорилтот бүлэг, тэдний эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийнхний өвөрмөц онцлог, хэрэгцээнд тулгуурласан хамгийн сүүлийн үеийн нотолгоо, шилдэг туршлагыг багтаасан болно. Дэлхий нийтийн хүн амын дөрөвний нэг нь сүрьеэгийн далд халдвартай. Монгол Улсад 2014-2015 онд хийсэн Сүрьеэгийн үндэсний тархалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол бий. Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс 3 дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан. Иймээс сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг бүрэн хамруулахад нарийвчилсан судлагааг гаргах, түүнчлэн сүрьеэгээр өвчилсөн, архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээг тасралтгүй хийхэд холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нь ихээхэн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гарсан билээ.
Эх сурвалж: ЭМЯ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14