“Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулна

Admin | 2022-03-21


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.

Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах даалгавар өгөв.

Өнөөдрийн хуралдааны үеэр Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийн талаар мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр "Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Нийтийн тээврээс энэ жилдээ 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 оны хэмжээнд энэ тоо 1,063-т хүрнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлтийг гаргаад байна. 

Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байгаа.  Энэ жилийн хувьд 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Цаашдаа нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1,432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2022 онд 60 хувьд, 2023 онд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)