Ам.доллар түүхэндээ анх удаа 3000 төгрөг давчихлаа

Admin | 2022-03-22


Өнөөдөр банкуудад ам.долларын ханш 2918-2930 төгрөгийн үнэтэй байгаа хэдий ч “Найман шарга” валют арилжааны захад ам.доллар 3010 төгрөг хүрчээ. Түүхэндээ анх удаа ам.долларын ханш 3000 төгрөг давлаа. Ханшийн зарлах самбар дээр ам.долларын ханшийг хоосон үлдээсэн харагдах бөгөөд ам.доллар 3010 төгрөгөөр зарж, 2950 төгрөгөөр худалдаж авна гэдгээ хэлж байна. Түүнчлэн “Найман шарга” төвийн арилжаачид өнөөдрийн ханшийнхаа мэдээллийг шинэчлээгүй байсан ба энэ талаараа “Бид ханшийнхаа мэдээллийг ил тавьж болохгүй байна, гэнэтийн шалгалт ороод ирдэг” гэсэн тайлбарыг өглөө.

“Найман шарга”-ын ченж: Долларын ханшийн зохицуулалтыг хийж чадахгүй байна. Том банкууд их хэмжээгээр аваад байхаар бид хэрэгцээг нь хангаж дийлэхгүй байна.

Цахим орчинд: Түүнчлэн иргэд “ам.доллар их хэмжээгээр авна”, “10 000 ам.доллар 3005 төгрөгөөр авна”, “20 000 ам.доллар зарна” зэрэг зар цахим орчинд их байв.

Банкууд лимит тогтоожээ: Банкууд ам.доллар худалдахдаа тодорхой лимит тогтоогоод байна. Жишээлбэл, Хаан банк таван сая төгрөгөөс хэтрэхгүй ам.доллар зарна гэсэн бол Голомт банк 15 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй зэрэг лимитийг тогтоосон аж.

Сүүлийн үед цахим орчинд “Оросууд унасан рублиэрээ манайхаас ам.доллар худалдаж авч байна”, “Орос руу их хэмжээгээр ам.доллар алдаад дууслаа”, “Ам.долларын нөөцгүй боллоо. Бүр Оросын банкны машин орж ирсэн байна” гэх мэдээллүүд цацагдсан.

Монголбанк: Дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллароор солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй

Монголбанкнаас ам.долларын ханштай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллароор солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартой тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг” гэсэн юм.         

                                                                                                                                                        А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)