Дархан-Уул аймаг болон Сэлэнгийн хил дагуух сумдын малыг бүрэн вакцинжуулжээ

Admin | 2021-12-13


Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын энэ оны 67 дугаар тушаалаар “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж байна. Уг бүлэг нь малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилготой аж. Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас ажлын хэсэг гарч дөрвөн чиглэлд үүрэг гүйцэтгэж байна.

Нэгдүгээр хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн чиглэлд,

Хоёрдугаар хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн чиглэлд,

Гуравдугаар хэсэг Архангай, Хөвсгөл, Завхан, Увс аймгийн чиглэлд,

Дөрөвдүгээр хэсэг Хэнтий, Дорнод аймгийн чиглэлд тус тус үүрэг гүйцэтгэж байгаа юм.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан нэгдүгээр ажлын хэсгийн мэдээлснээр Дархан-Уул аймгийн Хонгор, Дархан, Орхон суманд малын гоц халдварт өвчний вакцинжуулалт бүрэн хийгдсэн байна. Мөн ХХААХҮЯ-наас ОХУ-аас малын гоц халдварт шүлхий өвчний вакцин татан авалтын цаг хугацаатай давхцуулан Сэлэнгэ аймаг хил дагуух сумдын малын вакцинжуулалтыг хийжээ. Төв зам дагууд суурин газрын малыг 40-60 хувьтай вакцинжуулжээ.

Сэлэнгэ аймгийн тухайд бүх малд бус, зөвхөн хойд чиглэлд өвчнийг тархаахгүй байх тактикаар вакцинжуулан ажиллаж байгааг Шадар сайдад мэдээллээ. Тэрбээр малын гоц халдварт өвчнийг арилгах Шуурхай бүлгийн ахлагч нарт хандан хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Тэрбээр өнгөрсөн  найм болон арваннэгдүгээр дүгээр сард аймаг орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг шуурхайлах, шүлхий өвчний голомтуудыг нарийвчлан тогтоохыг даалгасан.

 

Үүрэг даалгаврын хэрэгжилт орон нутагт хангалтгүй сул байгааг сануулж, голомттой бүсийг нарийвчлан тогтоох, мал эмнэлгийн тасгуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, малын хөдөлгөөн, отор нүүдлийг хязгаарлах, арванхоёрдугаар сарын 31-н гэхэд тодорхой үр дүн гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад санууллаа.Мөн Шуурхай ажлын хэсэг аймгуудад ажиллахдаа КОВИД-19-ийн вакцины нэмэлт тунд орон нутгийн иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай хамтран газар дээр нь хүн хүчний нөөцийг зөв хуваарилан ажиллахыг даалгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)