Д.Сумъяабазар: Жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх иргэн хотод шилжин ирдэг

Admin | 2022-03-24


 “Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавирусийн халдварын дараах эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн хотод шилжин ирж, 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн, сүүлийн таван жилийн хугацаанд хотын хүн ам 5.6 хувиар өсжээ. Хөдөө, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, эрчимжих хандлагатай байгаа нь хөдөө, хотын ялгаа улам бүр нэмэгдэж, орон нутагт зах зээл хумигдан ажлын байр, иргэдийн орлого буурч, амьдралын чанар сайжрахгүй байна. Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой. Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлж ирээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлын суурь шалтгаан юм” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)