Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцов.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд их засварын ажил хийх юм. Тус дотуур байр нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагддагаас 170 хүүхэд, багачууд болон 11 багш, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд хүндрэл учруулж байна. “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус дотуур байранд амьдардаг хүүхэд багачууд болон багш ажилчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, цаашлаад сурч хүмүүжих нөхцөл бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 28 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,829 ам.доллар (643,500,000 төгрөг) юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14