Б.ДОРЖГОТОВ: Ханх-Мондын хил нээгдэж анхны жуулчдаа хүлээж авлаа

Admin | 2022-03-30


Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Ханх-Мондын хил нээгдэж,  удаан хугацааны дараах анхны жуулчдаа хүлээж авчээ. Энэ талаар "АМW Саяан Travel" компани, "The Last Frontier"  баазыг үүсгэн байгуулагч Б.Доржготовтой ярилцлаа.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж жуулчид хүлээж авалгүй удсан гэсэн шүү дээ. Хэр хугацааны дараа анхны жуулчнаа хүлээж авч байна вэ?

-2020 оны гуравдугаар сарын 10-наас хойш жуулчин хүлээж аваагүй. Удаан хугацааны дараа анхны гэх тодотголтой жуулчдаа хүлээж авлаа. Энэ хугацаанд ямар ч орлогогүй, санхүүгийн хүнд байдалтай байлаа. Ханх-Мондын хил нээгдэж жуулчдаа хүлээж авсандаа сэтгэгдэл өндөр байна

-Бүгд Оросын жуулчид уу?

-Тийм, бүгд Оросын жуулчид.

-Тэд одоо ямар аялал хийж байна, хэд хоногийн хугацаатай аялахаар ирсэн бэ?

-Тэд мөс цоолж загасчлах, амрах аялалдаа гарсан.  Жуулчид ер нь гурав хоногийн хугацаатай ирдэг. Дараагийн жуулчдынхаа захиалгыг авсан, хүлээж байна.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн жуулчин хүлээж аваад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй жуулчид ирсэн байна.

-Хил нээлттэй хэвийн үед жилд хэчнээн жуулчин ирдэг байв?

-2019 оны статистик дүнгээр 14-15 мянган жуулчин ирсэн тоон үзүүлэлт байна. Энэ үед Хатгалаас Хөвсгөл нуур луу ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байсан. Ханх-Мондын хил нээгдсэнээр Хөвсгөл нуурын хойд хэсгээс ирэх аялал жуулчлалын урсгал тавигдсан. Энэ нь өвлийн аялал жуулчлал хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм.

Ханх-Мондын боомт нь Ханх сумын Хөвсгөл нуурын зүүн хойд эрэг дээр байрладаг боомт юм.

-Ханх-Мондын боомтоор орж ирж байгаа жуулчид ихэвчлэн юуг үзэх сонирхолтой байдаг вэ?

-Ханх сум өөрөө Хөвсгөл нуурын хажуу өндөрлөгт буюу гайхалтай сайхан байгалийн эрэг дээр оршдог. Мөн Хойд Саяаны нурууны хамгийн өндөр уулс энд бий. Хөвсгөлийн оргил Мөнх Сарьдаг уулс ч байна. 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад манай Ханх сумынхны амьдрал аялал жуулчлалын нөлөөгөөр мэдэгдэхүйц дээшилсэн.

                                                                                                                                                                 А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)