Цэцэрлэгийн үйлчилгээний 3300 гаруй ажилтныг хэн хариуцаж, хаанаас цалин олгох нь тодорхойгүй байна

Admin | 2021-12-13


Ирэх нэгдүгээр сарын 01-нээс байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг төрийн үйлчилгээний 1-3 зэрэглэлийн ажилчдыг буюу үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай  асуудал яригдах болсон. Учир нь ирэх жилийн төсөвт тус ажилчдын цалин хөлс тусгагдаагүй билээ. Тэгвэл СӨБ-ын 266 цэцэрлэгийн 3300 гаруй үйлчилгээний ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлсэнээр тэдний хаана харьяалагдах, хэдэн төгрөгийн цалин авах эсэх нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотойгоор өмнө Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хэвлэлийн бага хурал хийж байсан. Тодруулбал, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар болон ҮЭ-ийн хороодын зарим дарга нар мэдэгдэл хийсэн. Тэд “Засгийн газар, УИХ-ын гишүүдэд гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж ажилчдыг, ард түмнээ төрдөө итгэх итгэлтэй байж өөрсдийнхөө хүлээсэн үүргээ эрхийнхээ хүрээнд явуулахыг шаардаж дээрх асуудлыг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа 12-р сарын 14-ний дотор хэвлэл мэдээллээр болон холбогдох албан тушаалтан ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж  мэдээлэл өгөхийг хүсч байна” хэмээн шаардсан байдаг. Гэвч тус шаардлагын хариу өдийг хүртэл ирээгүй, ямар нэгэн чиг үүрэг өгөөгүй аж.

Энэ талаар бид СӨБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Саранцэцэгээс тодрууллаа.

 

-Нөхцөл байдал ямар байна вэ, төрийн үйлчилгээний ажилчдыг гэрээт болгохыг эсэргүүцсэн та бүхний шаардлагын хариу ирсэн үү?

-Шаардлагын хариуны эцсийн хугацааг бид 2021.12.14 гэж заасан, маргааш(өнөөдөр) 12:30 цагт Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга манай төлөөллүүдтэй уулзая гэсэн хариу өгсөн. Уг уулзалтад БШУҮЭХолбооны дарга, манай ажлын хэсгийн гишүүн Мөнх-Эрдэнэ мөн миний бие уулзахаар болсон.

-Үйлчилгээний ажилчдыг төрийн албанаас салгаж хувийн хэвшил рүү оруулж байгаа нь ямар эрсдэлүүдийг дагуулж байна?

-Мэдээж цалин багасах эрсдэл хамгийн өндөр. Хувийн хэвшилд очлоо гэхэд биднийг цаашид олон жилээр ажиллуулна гэсэн баталгаа байхгүй. Бидний судалгаагаар нийгмийн хамгаалалд 2022 оны урьдчилсан байдлаар Улаанбаатарын 260 гаруй цэцэрлэгээс 86 хүн л буцалтгүй тусламж авахаар байгаа. Буцалтгүй тусламжид 960 гаруй сая төгрөг бий. Нийслэлд уг төсвийг хэмнэх зорилготой энэ бодлоггүй алхмыг хийж байна гэж хардаж байна. Уг шийдвэрийн цаана маш олон хүний аж амьдрал, сэтгэл зүй хохирч байгаад хэлэх үг олдохгүй байна.

-Сургууль, цэцэрлэгийн амралттай уялдаж уг хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа нь олон нийтийн дунд хардлага үүсгээд байна. Энэ тухайд?

-Ер нь энэ тал дээр хардлага бий. Нэгдүгээрт оны зааг дээр уг хуулийн төслийг хэлэлцэж байна. Бид хөдөлмөрийн хуульд таван засгийн газар дамжин байж нэгэн эерэг зүйл заалтыг оруулж ирсэн нь "бүх ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллана" гэсэн заалтыг оруулж чадсан. Мөн бүх шатандаа нийгмийн түншлэлийг хангаж ажиллана. СӨБ-ын ажилчид хэдэн жил хүлцэнгүй, чимээгүй явж ирсэн. Учир юу вэ гэхээр СӨБ буюу цэцэрлэг зуны гурван сар амардаг. Энэ хугацаанд хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 15 хоногийн үндсэн амралт дээрээ ажилласан жилээ нэмээд амардаг. Бусад хугацаанд нь цалингүй л амардаг. Гэтэл гэнэт Засгийн газрын тогтоол гарч ирээд бараа шилжүүлэх гэж байгаа юм шиг “май, энэ засгийн газрын тогтоол он гараад хэрэгжинэ шүү” гээд л авчраад өгөх юм шиг байгаа юм. Энэ нь хүний эрх, үндсэн хуулийг ч зөрчиж буй хэрэг юм.

-Асуудал нааштай шийдэгдэхгүй бол яах вэ, өөр холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн үү?

-Хэрэв нааштай шийдэгдэхгүй бол бид цаашдын тэмцлээ үргэлжлүүлнэ гэж шийдсэн. Мөн манай цэцэрлэгийн гишүүд тойргоос сонгогдсон гишүүддээ захидал илгээж Сангийн яам, Хөдөлмөрийн яамдын хүмүүстэй биечлэн уулзаж байгаа. СӨБ-ын Хорооны тэргүүлэгчдийн зүгээс уг асуудлыг Ерөнхийлөгч мэдээгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн 9-ний өдөр бид Ерөнхийлөгчид захидал хүргүүлсэн. Ерөнхийлөгч тус захидлыг хараад УИХ гишүүд, Засгийн газрынхантай ярилцах байх гэж найдаж байна. Уг асуудал дан ганц Улаанбаатар дахь СӨБ-ын асуудал биш орон даяарх сургууль, цэцэрлэгтэй холбоотой. Орон нутгийнхан маань бидэнтэй нэгдэж цахимаар тэмцэл хийж байгаа. Жишээ нь Хөвсгөл аймгийн СӨБ-ынхон цахимаар тэмцэл хийсэн бол Дорнод аймгийн СӨБ-ынхон төв талбай дээрээ цуглаан зохион байгуулсан гэх мэтчилэн уг үйл ажиллагаанд нэгдсээр байна. Тиймээс төр ч гэсэн энэ асуудлыг анхааралтай авах байх гэж итгэж байна.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)