Хан-Уул дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компаниар дамжуулан манай улсын иргэнд хаяглаж, Францаас илгээсэн ачаанд их хэмжээний мансууруулах бодис байсныг хууль сахиулах байгууллагын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр нэг кг шахам мансууруулах бодисыг хүүхдийн хуванцар сандалд нууж явуулсан байж. Хүлээн авагч, борлуулагч нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт өмнө нь шалгуулж байсан хүн гэх мэдээлэл бидэнд ирлээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд энэ талаар тодруулахад “2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа нь үнэн. Одоогоор илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
Цагдаагийн байгууллага ийнхүү хар тамхи хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулахыг завдсан хэргийг шуурхай илрүүлэн холбогдогчдыг олж тогтоож байна. Харамсалтай нь шүүх, шүүгч нар ямар нэг ашиг сонирхол байдаг юм уу, эсвэл өөр шалтгаантайгаас болдог уу, үл ялих шалтгаар хэргийг буцаасаар байна.
Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс манай улсын иргэн У.Анхбаяр, Б.Буянжаргал, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарт холбогдох хэргийг буцаалаа. Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин тэргүүтэй уг дөрвөн шүүгдэгчийг анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд хар тамхи худалдах зорилгоор хадгалсан, борлуулсан гэм буруутайд тооцож, Б.Буянжаргалд гурав, У.Анхбаярт гурван жил таван сар, Лай Фужунд мансууруулах бодис борлуулсан, хадгалсан үйлдэлд нь гурван жил таван сар, химийн хорт бодис мөнгөн ус хадгалсан хэрэгт нь нэг жил, нийт дөрвөн жил таван сар хорих ял шийтгэсэн юм.
Харин Нарангаовагийн зорчих эрхийг таван жил хязгаарлах ял оноосон байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосноор анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болоод байна. Үүнээс өмнө Интерполын шугамаар Испаниас баривчилж авчирсан Ц.Одцацралд холбогдох хэргийг нэг гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорол буцаагаад буй.
Уг нь давж заалдах шатны шүүх нь гэм буруутай, эсэхийг нь дэнслэх боломжтой гэж дүгнэн дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгочихоод байхад дахин ижил үндэслэлээр буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Ц.Одцацралаас мансууруулах бодис худалдан авч, хадгалсан цааш нь дамжуулсан хүн гурван жил хорих ял шийтгүүлчихээд байхад үл ялих шалтгаар шүүх буцааж буй нь хардлага дагуулж, шүүх хар тамхитай тэмцэх хүсэл, зориг, сонирхол алга мэт харагдаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 12 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14