Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшлийг дэлхийд өрсөлдөхөд төр бүх талаар дэмжинэ

Admin | 2022-05-22


Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Мөн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хаан банк, Голомт банк, УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т эрэмбэлэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд болсон ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, баялаг бүтээгчдэд хандаж үг хэллээ.

Тэрбээр "Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)