Төрийн өмчийн оролцоотой Эрдэнэс Монгол ХХК-ны 155.5 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкан дахь зээлийг барагдуулахад Эрдэнэс Монгол ХХК-ийн эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээллээ.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул "Эрдэнэс Монгол ХХК дээр бүртгэлтэй 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл бий. Энэ нь Эрдэнэс Монгол ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын төслийн зээл.
Бага зэргийн төлөлт хийсэн ч үлдэгдэл нь 155.5 тэрбум хүрсэн. Тус зээлийг Эрдэнэс Монгол ХХК-ийн эзэмшлийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаанд ногдох ногдол ашгаар Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан.
Зээлийн зөрүү төлбөрийг Эрдэнэс Монгол ХХК-ийн охин, нэгдэл компанийн хоорондын өглөг авлагаар тооцон төлж барагдуулна" гэлээ.