Л.БЯМБАСҮРЭН: Машиныг нуураас гаргахын тулд шатахууныг зөөж байна

Admin | 2021-12-01


2021.12.02

А.Мөнхнаран

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрвөлж нууранд шатахуун ачсан автомашин өчигдөр цөмөрч оржээ.  Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шатахуунтай машиныг татаж гаргахаар ажиллаж байна.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-Аврах ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү. Жолоочийн биеийн байдал хэр байгаа вэ?

-Машины жолооч Э /45 настай, эрэгтэй/ -ийн биеийн байдал хэвийн, ослын газар аврах үйл ажиллагаанд оролцож байгаа.

-Одоогоор машиныг татаж гаргаагүй байна уу. Ямар нэг байдлаар шатахуун нууранд асгарсан уу?

-Яг одоо автомашин нь 32 тонн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна. Шатахуун асгараагүй. Том оврын машин учир аврах ажиллагаанд багагүй хүндрэл учирч хугацаа алдаж байна.

-Нэмэлт хүч аймгаас дуудсан гэсэн...?

-Тэгсэн. Аймгийн төвөөс машинууд дуудаж шатахуун болон бусад ачааг зөөвөрлөсний дараагаар автомашиныг татах ажиллагааг явуулна. Тэгж байж машинаа татаж гаргахгүй бол хүндрэлтэй байна.

-Таны зүгээс жолоочдод юу анхааруулж хэлмээр байна вэ?

-Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа үе. Тиймээс иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг онцгойлон анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)