Баянгол дүүргийг эрхшээгч Ганбаа гүн

Admin | 2022-08-18


   Манжийн дарлалын үед манжийн төрөөс гадаад монголын аймгийн тэргүүн, хошуу ноёдыг удам дамжуулан хан, ван, гүн цол олгож, үе улируулан томилдог уламжлал байсан бол Ардын засаг мандаад 100 жил өнгөрсөн ч нийслэл хотын зарим дүүргийг бүхлээр нь өмчилдөг, эрхшээдэг эзэн ноёдтой болоод чамгүй удаж байна бид.

Ардчилсан нам засгийн эрх барьж байсан цаг дор Баянгол дүүргийг Эрдэнэ ван (УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ) эрхшээж, дүүрэг хороодын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг томилж, дүүрэгт хэрэгжиж буй бүх төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ, боловсон хүчний томилгоо Эрдэнэ вангийн зөвшөөрлөөр албаждаг байсан бол МАН засгийн эрхэнд гарсан 2016 оноос хойш Баянгол дүүргийг Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийн эзэн Ганбаа гүн (УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар) эзэрхэх болжээ.

Мань эр өөрөө УИХ-ын гишүүн болоод зогсохгүй өөрийн зөвлөх, туслах, Оргил худалдааны төвийн дэд захирал, санхүүгийн дарга, менежер, төрсөн ахаа төрийн албанд томилуулжээ.

Эзэрхэх гэж хэлэхийн учир нь мань шинэ цагийн ГҮНГИЙН шийдвэр зөвшөөрөлгүйгээр дүүргийн Засаг дарга нь үйлчлэгч ажилд авах эрхгүй төдийгүй, тухайн дүүргийн ИТХ-ын шийдвэр, дүүргийг хэмжээнд хэрэгжүүлэх ажил үйлчилгээтэй холбоотой бүх асуудлыг Ганбаа гүнгээс асууж байж шийдвэрлэдэг гэх яриа дүүргийн хэмжээнд гараад удаж байна.

Түүгээр зогсохгүй Ганбаа гүн хувьдаа бариулж буй орон сууц, барилгын норм норматив, стандартыг илтэд зөрчин, иргэдийн амьдарч буй орон сууцнаас 2 м зайтай зэрэгцүүлэн барьж эхэлсэн байна.  Мань гүн одоо хэл амтай эхлүүлж буй  барилга нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын газар, барилга байгууламжуудыг дуудлага худалдаагаар худалдан авсан гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу

Ганбаа гүн УИХ-ын гишүүний хувьд дүүргийнхээ цагдаа, шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагуудад хөрөнгө хуваарилж өгөх, цалин цавгийг нь нэмэгдүүлэх, байгууллагын удирдлагыг нь өөрийн хүнээр “лоббидож томилох” зэргээр ихээхэн “нөлөөтэй ажиллаж” ирсэн тул ямар ч цагдаагийн ажилтан тэнэг л биш бол иргэдийн талд орж, Ганбаа гүнгийн эсрэг зогсож, хоолноосоо салахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Өнгөрсөн хавар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, 41 төлөөлөгчийн 29 нь буюу олонх нь Ганбаа гүнгийн “барлаг” Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах санал гаргасан боловч мань Ганбаа гүн нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазараар дээрх шийдвэрийг нь албажуулалгүй “гүрийлгэсээр” өнөөдрийг хүрчээ. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нь 2020 оны 11 сард үүрэгт ажилдаа томилогдсон ч өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ төлөөлөгч нартайгаа хамтарч ажиллаагүй, тэр бүү хэл намынхаа гишүүдтэй ойлголцож чадаагүй байна. Учир нь тэрбээр зөвхөн Ганбаа гүнгийн тушаал, шийдвэрийг дүүрэгт хэрэгжүүлэхээс өөр ажил эрхлээгүй хүн гэдгийг дүүргийн төлөөлөгчид түүнийг огцруулах үндэслэлдээ онцолжээ.

Ганбаа гүнгийн Баянгол дүүргийн хувийн компани шиг ойлгож, бүхнийг мөнгөөр шийдэж, өөрийн компанийн засаглалыг тогтоосон гэж хэлж болно.

Тэрбээр өөрийн зөвлөх байсан Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулаад зогсохгүй, өөрийн туслах, хэвлэлийн төлөөлөгч байсан Б.Сэмжидмааг Баянгол дүүргийн ИТХ-ын даргаа, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Гангамөрөнг НИТХ-д нэр дэвшүүлэн төлөөлөгчөөр сонгуулан, улмаар  Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргаар, өөрийн бэр дүү Г.Нарангэрэлийг Баянгол дүүргийн ЗДТГ-ын даргаар, Оргил худалдааны төвийн менежер асан Д.Бат-Оргилыг БГД-ийн 23 дугаар хорооны Засаг даргаар, өөрийн дотнын найз Ж.Галтбаярыг дүүргийн Цэцэрлэгт хүрээлэн, ОНӨТҮГ-ын захирлаар, өөрийн нь компанийн хуулийн асуудлыг хариуцаж байсан Ч.Мандалмааг БГД-ийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар тус тус томилуулжээ.

Нийгмийн даатгал болон БГД-ийн зарим ИТХ-ын төлөөлөгч, зарим хороон дарга гээд нэр дурдан энэ жагсаалтыг цаашид үргэлжлүүлж болно. Ганбаа гүн бол бизнесмен хүн. Бизнесмен хүмүүс улс төрд орж улс орноо хөгжүүлэхээс илүү бизнесийн салбараа өргөжүүлдэг, бүхнийг мөнгөөр шийддэг, бизнес ухаанаар асуудалд ханддаг нь тодорхой байна.

Ганбаа гүн УИХ-ын гишүүн болсноос хойш Энканто хороолол бүхий Оргил худалдааны төвийн барилгууд хэрхэн сүндэрлэж байгааг та бүхэн надаар хэлүүлтгүй хэлэх биз ээ. Цаашдаа Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “эзэн” суухаар санаархаж байгаа шинэ цагийн ван, гүнгүүдийн тухай мэдээллийг цувралаар хүргэх болно.

Ц.Мөнх

Эх сурвалж: Ugluu.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)