ТОДРУУЛГА О.БАТНАЙРАМДАЛ: АИ95 шатахууны үнэ 300 төгрөгөөр буурлаа

Admin | 2022-08-21


Шатахууны үнэ буурна гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр түүнээс дараах зүйлсийг тодрууллаа.

-Шатахууны үнэ хэдэн төгрөгөөр буурсан бэ?

-Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурснаар амралтын өдрүүдэд манайд дизель түлш, АИ95 шатахуун литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан. Түүхий газрын тосны үнэ сар болгон өсөж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралттай холбоотойгоор  ийнхүү шатахууны үнэ буурч байна.

-АИ92 шатахууны үнэ буурах боломжтой юу?

-АИ92 өргөн хэрэглээний шатахууны хувьд “Роснефть” компанитай хийсэн гэрээний дагуу он дуустал нэг тонныг 830 ам.доллароор авах хэлцлийг хийсэн.

Үүний дагуу он дуустал өнөөдрийн АИ92 шатахууны 2390 төгрөгийн үнэ өөрчлөгдөхгүй тогтвортой байна. 

-“Роснефть” компанийн зүгээс манай улсад хариу ямар саналыг тавьж хамтарч ажилладаг вэ?

-“Роснефть” компанитай энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Эдийн засгийн зарчмаар явах хэлцэл учир манай талаас дэлхийн зах зээлээс илүү хямд үнээр шатахуун авч, нөгөө талаас урьдчилгаа төлбөрөө 100 хувь төлөх саналын дагуу хамтран ажиллаж байна.

-Шатахууны үнэ буух тал дээр импортлогч компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Ялангуяа АИ92 шатахууны хувьд импортлогч компаниудын гэрээгээр явна. Нэмээд Засгийн газрын зүгээс “Роснефть” компанитай хийсэн гэрээний дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Бусад шатахууны хувьд зах зээлийнхээ зарчмаар өсөж, буурах үед нь хяналтаа тавиад явж байна.

-Цаашид шатахууны үнэ буурах уу?

-Дэлхийн эдийн засгийн эрэлтийн өсөлт дэх сааралттай холбоотойгоор газрын тосны үнэ  100 ам.доллароос бага үнэтэй хэлбэлзэж байна. Дараа сар энэ хэвээр байвал шатахууны үнэ ч мөн адил буурах хүлээлттэй байна.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)