ШАТАХУУНЫ ҮНЭ дэлхийн зах зээлд бууж, Монголд ӨСӨХ прогнозтой байна

Admin | 2022-08-24


   Хоёр хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “АИ95 шатахууны үнийг 300 төгрөг, дизель түлшийг 300 төгрөгөөр хямдарууллаа” хэмээн их л сүржин мэдээлэл хийсэн. Сүүлийн үед “шатахууны үнэ нэмэгдлээ” гэхээс өөрийг сонсоогүй ард түмний хувьд мэдээж таатай мэдээ байлаа. Мэдээж литр нь 4000 төгрөг даваад байсан түлш 300 төгрөгөөр хямдарна гэдэг сайн хэрэг. 

Гэхдээ дизель, АИ95 шатахууны үнэ тус бүртээ 300 төгрөгөөр буусан нь түр зуурын үзэгдэл болов уу. Учир нь Засгийн газар бүтцээ өөрчилж зарим сайдуудаа явуулах болсон дүйвээнээр Уул уурхайн сайдын суудал ганхаж эхэлсэн тул бензиний наймаачдаасаа гуйж түр зуур гал намдаах арга хэмжээ авсан нь энэ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хямдарч байгаа ч манай улсын тухайд нөхцөл байдал эсрэгээрээ өсөх прогноз ажиглагдаж байна. Учир нь ард түмний өргөн хэрэглэдэг нь АИ92 шатахуун. Гэтэл АИ92 шатахууны үнэ 2390 төгрөгөөсөө яагаад доош буусангүй вэ.

Дэд сайдын мэдээлснээр бол дэлхийн зах зээл дээрх АИ95 болон дизель түлшний үнэ буурсан учраас манайх ч шатахууны үнээ бууруулсан юм байна. Харин АИ92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй гэв. Угтаа адилхан дэлхийн зах зээл дээр адилхан хямдарчихаад байхад АИ92 шатахууны үнийг бууруулахгүй, он дуустал нэмэгдэхгүй гэдэг үгээр халхлаад өнгөрөв. Энэ чинь он гарахаар нэмнээ л гэсэн үг. Ер нь энэ салбарт ирсэн аль ч үеийн сайд шатахууны үнийг зохих түвшин нам барьж байсан удаагүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Бүр ковидын үед шатахууны үнийг бид бариад байгаа гэсээр 100, 200, 300 төгрөгөөр нэмсээр өнөөдрийн түвшинд хүргэсэн. Угаас улс төрийнхний гал намдаасан асуудал хожим газар авч дийлдэхээ байдаг нь бичигдээгүй хууль.

Тэгээд ч дэлхийд шатахуун 35 хувиар хямдарчихаад байхад манайх л он дуустал АИ92 шатахууны үнийг нэмэхгүй гээд сууж байгаа нь ямар учиртай юм вэ. Энэ талаар зарим эдийн засагчид ч бичих боллоо. Албаныхны өгч буй тайлбар их товчхон "Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын "Роснефт" компанитай хийсэн хэлэлцээрийн дагуу урьдчилгаа өгч, гэрээ хийсэн. Гэрээний дагуу үнэ нэмэгдэхгүй учраас АИ92 шатахууны үнэ он дуустал одоогийн үнээрээ байх боломжтой” гэж байгаа юм. Харин одоо дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурчихаад байхад бид гэрээ хийсэн үнээрээ л авч таарах нь. Тухайн гэрээг хийх үедээ зах зээл дэх үнээс 30 хувиар хямд гэрээ хийлээ гэж ирээд л хөөрцөглөөд байсан. Тэгвэл одоо дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ 35 хувиар буурчихаад байна. Бодлого баригчид гэрээгээ баримталж, ард түмэн ачааг нь үүрсээр байх уу.

АИ95 шатахуун манайдаа л “тансаг” хэрэглээнийх гэгддэг. Гэхдээ л хямдарсан нь сайн хэрэг гэдгийг дахин хэлье. Мэдээж дэлхийн зах зээлд хямдарчихсан учраас буурах нь ойлгомжтой. Тэрнээс манайхан мундагтаа үнэ буулгачихаад байгаа юм биш. Харин ард түмний өргөн хэрэглээний АИ92 шатахууны үнэ буурчихвал эдийн засгийн энэ хүнд үед ачааг нь хөнгөлөх бодит дэмжлэг болно.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)