Г.БАТЗОРИГ: Манай улс өртэй, өрөө сунгадаг чөтгөрийн тойрогт орчихлоо

Admin | 2022-08-30


   Манай улс эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дефолт буюу дампуурлаа зарлахад ойрхон байна хэмээн эдийн засагч, шинжээчид, олон улсын судалгааны байгууллагууд анхааруулах болсон. Энэ талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Улс орны нөхцөл байдал нэлээд хүндэрч дефолтоо зарлахад ойрхон байна гээд байгаа. Таны хувьд нөхцөл байдал хэр хүндэрсэн гэж харж байна вэ?

-Улс дампуурсан тохиолдлуудад шинж тэмдэг нь эртнээс мэдэгдэж эхэлдэг. Жишээ нь Грек, Шри-Ланк гэх мэт улсуудаас харахад 2-3 жилийн өмнөөс гадаад өрийн дарамт нь өсөж, өрөө төлөхөд хүнд нөхцөл байдалтай тулаад байсан. Яг тэр үед нь 2008 оны хямрал, ковидын цар тахал, ОХУ болон Украины дайн зэрэг гэнэтийн шокууд орж ирсэн. Улмаар эрсдэлтэй байгаа улсууд шууд дампууралд орох нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр Монгол улсад эхний шинж тэмдгүүд ажиглагдаж, эрсдэл үүсэж болзошгүй гэж байгаа болохоос шууд дампуурчихна гэж ойлгож болохгүй. Өрийн удирдлагыг тодорхой хэмжээнд хийж, гадаад өр төлбөрүүдээ дахин санхүүжилт хийх замаар сунгаж байна. Түүнчлэн олон улсын үнэлгээний байгууллагууд манай улсыг тогтвортой гэж үнэлж байгаа нь энэ талын эрсдэлийг даагаад явах чадвартайг хэлж байна.

-Дефолт зарлах хэмжээнд хүргэж буй гол хүчин зүйлүүд юу бол?

-Ер нь бол хөгжиж буй оронд улс төрийн тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт байдаг. Манайд улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй байгаа ч Засгийн газар нь хоёр жилийн настай. Сая хүртэл энэ жишгээр татан буугдаагүй ч сайдуудаа шинэчилж байна. Энэ бол улс төрийн орчны тодорхой бус тогтворгүй байдал юм. Харин нийт гадаад өрийн дарамт гэдэгт юуг хэлж байна вэ гэхээр ДНБ-ий 220 орчим хувьтай тэнцэх өртэй байна. Энэ нь Япон зэрэг хөгжингүй орнуудтай ижил түвшинд байгааг анзаарах хэрэгтэй. 

Энэ нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэж эдийн засагтаа нөлөөлдөг. Саяхан дампуурсан улсуудын нийтлэг шинж тэмдэг нь улс төрийн хувьд нэг нам эсвэл удирдагч хэт давамгайлах, эдийн засаг талаасаа экспорт нь нэг бүтээгдэхүүнээс хэт хамаарах, валютын нөөц хоосрох, инфляц өндөр байх зэргээр илэрч байна.

-Засгийн газрын бүтэц томорчихлоо. Эдийн засгийн хувьд энэ хэр хохиролтой вэ?

-Засгийн бүтэц томрох нь зардал нэмэгдэнэ л гэсэн үг. Өмнө нь Сангийн яаман дээр 13 сайд төсөв батлуулах гээд хүлээдэг байсан бол одоо 19 сайд төсөв батлуулах гээд хүлээж байна гэсэн үг. Түүнчлэн Засгийн газар богино хугацаанд ингэж солигдоод байна гэдэг нь тухайн яамны ажил явахгүй байх, доошоо бүтцүүд дээрээ томилгоо хийх гэх мэтээр халаа сэлгээ их явагдана. Тэрийгээ хийгээд дуусах гэсээр байтал сонгуулийн жилтэй нүүр тулна. Энэ Засгийн газар урт хугацааны Монгол улсад хэрэгтэй төмөр зам, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц” зэрэг төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэж байгаа ч богино хугацаанд эдийн засгаа сэргээх, босгох ажлыг хангалттай хийж чадахгүй байна. Валютын ханш огцом чангарч, инфляц хоёр оронтой тоонд гарч, эдийн засаг сэргэхгүй байна. Эцэст нь иргэдийн амьжиргаа дордож, худалдан авах чадвар огцом муудахад хүргэлээ.

Дэлхийн банкны судалгаагаар ковидын өмнө гурван хүн тутмын нэг нь ядуу байсан. Харин одоо бол хоёр хүн тутмын нэг нь хүнд нөхцөл байдалд байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Манай улс гаднаас өр зээл их авч байгаа ч төлж байгаа нь бага. Энэ байдлаараа өрөндөө улс орноо өгөх нь хэмээн олон нийт шүүмжлэх боллоо. Энэ тухайд?

-Өр тавиагүй улс орон гэж байхгүй. Гагцхүү тэрхүү тавьсан өрөө хэрхэн зөв ашиглаж байгаа нь л чухал. Гэтэл Хөгжлийн банк гэх нэртэй институт ашиглаад бондын мөнгийг ашиг сонирхол бүхий этгээдүүд нь хуваагаад идчихсэн. Ийм байдлаар явахаар өрөө яаж төлөх билээ дээ. Одоо бол жил дараалан төсвийн 20-40 хувьтай тэнцэх ёстой өрийг төлөх шаардлага үүссэн. Тэрийгээ төлж чадахгүй 2016 оноос хойш байнга сунгаж байна. Хоёр дахь сунгалт нь 2020 оноос эхэлсэн. Манай улс өртэй, өрөө сунгадаг чөтгөрийн тойрогт орчихлоо. Өрийн ийм дарамт нь иргэд, ААН-үүдэд татвараар очиж нөлөөлдөг. Улмаар иргэдийн амьжиргаа ч дээшлэхгүй, ААН-үүд нь ч томрохгүй.

-Ард түмний амьдрал хэрхэн дордож буйг эдийн засгийн үзүүлэлтээр бодитой тайлбарлаад өгөхгүй юү?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд орлого 10 гаруй хувиар өслөө. Гэтэл зарлага талдаа 30-50 хувиар өслөө. Өндөр инфляц, ханшийн уналт, ажилгүйдэл зэрэг нь иргэдийн амьжиргааг туйлдуулж байна. Ер нь бүтээмж султай улсад өдөржин ажиллах нь бүтээмжтэй улсад хэдхэн минут ажилласантай тэнцэнэ. Хэчнээн хичээгээд авдаг нь бага хойно амьдрал хэрхэн дээшлэх билээ. Иргэдийн амьжиргаа дээшлэх гол хүчин зүйл бол бүтээмж юм. Улс орноороо, ААН-ээрээ, иргэдээрээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд л чиглэх нь гол гарц юм уу даа.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)