О.БАТБАЯР: Даруй хилийн хязгаарлалт тавихгүй бол сарын дараа ковидын 10 мянган тохиолдол бүртгэгдэнэ 

Admin | 2021-12-26


Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улс орнуудын Омикрон хувилбарын нөхцөл байдал хүндэрч байна. Их Британи, АНУ зэрэг улсад томоохон давалгаа үүссэн бол одоо Франц, Итали зэрэг улсад омикроны давалгаа эрс нэмэгдсэн байна. Омикронтой холбоотойгоор 1500 гаруй нислэг цуцлагдаад байна. Хэрвэ омикроны хувилбар орж ирвэл вакцины гурван тунтай ч халдвар тархах эрсдэлтэй. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид халдвар авч, тусгаарлагдвал энэ салбарт ажиллах хүний нөөцийн хомсдол үүснэ. Нөгөө талаар манай вакцингүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл өндөр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр гаднаас ирсэн нислэгээр ковидын халдварын нийт 81 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн Судан улсаас 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна. Тэгэхээр нэгэнт гадаад улс оронд бүртгэгдэх тоо эрс нэмэгдсэн учир гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Тэдгээрээс авч байгаа гурав, дөрөв дэх хоногийн шинжилгээгээр онгоцны буудал дээр сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа эерэг гарсан хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Иймээс тэднийг тусгаарлах зөвлөмж гаргасан. Мөн даруй хил дээр хязгаарлалт тавихгүй бол сарын дараа гэхэд 10 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн судалгаа гарсан. Үүний 70 хувь нь хөнгөн, 30 хувь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Гэтэл бид өдөрт гурван мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлж чадахгүй. Иймээс олон нийт гадагшаа явж байгаа жуулчид, иргэдэд омикроны хувилбарт зайлшгүй анхаарал болгоомжтой байх ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)