"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх чансаа өндөр128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр энэхүү 128 бөхийн 2015 оны барилдаанд түрүүлж байсан тухайн үеийн Улсын харцага Б.Пүрэвсайханы ярилцлагыг эргэн уншигч та бүхэндээ сонирхуулж байна. Энэхүү чансаа өндөр бөхийн барилдааны их шөвөгт Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үлдсэн юм. Улмаар улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Б.Пүрэвсайхан нар үзүүр түрүү булаацалдахаар шалгарсан. Ингээд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит уг барилдаан 2011 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд хамгийн их буюу аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа түрүүлж байжээ. Ингээд Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы 2015 онд “Ерөнхийлөгчийн цом”-д түрүүлэх үед авсан ярилцлагыг хүргэж байна.
-Юуны өмнө 2015 оны отгон барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд зодоглож түрүүлсэндээ баяртай байна. Их бэлгэшээж байгаа. Миний цаашдын барилдаанд урам өгсөн сайхан барилдаан боллоо.
-Их шөвөгт улсын арслан Н.Батсуурьтай, үзүүр түрүүнд заан Ч.Санжаадамбатай шийдэмгий барилдсан. Таны хувьд түрүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байгаа харагдсан шүү...
-Тухайн өдрийн барилдаан болгонд л түрүүлээд барьц аваад даваад явчихъя гэсэн бодолтой барилдсан. Тэр нь ч оносон. Улсын заан Б.Батмөнх, начин Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь, Ч.Санжаадамба нартай сайхан барилдаж түрүүлсэндээ баяртай байна.
-Ч.Санжаадамба заан бол яах аргагүй энэ цагийн шилдэг бөх гэгддэг. Харин энэ удаа өөрөөс тань нэг л бэргээд барилдаан гаргасангүй?
-Тэгэлгүй яахав. Сайхан бөх. Ч.Санжаадамба заантай 2013 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дөрвийн даваанд таарч барилдаж байсан. Тэрнээс хойш заалны барилдаанд таараагүй. Бэлтгэл дээр ч таарч барилдаж байсан л даа. Заанаас түрүүлээд барьц авъя гэж зүтгэж барилдлаа.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаанд хоёр дахиа түрүүллээ. Ерөнхийлөгчөөс цомоо гардаж авах үедээ заан, та хоёр элэг бүсээ тайлаад их хүндэтгэлтэй хандана лээ. Чансаа өндөр бөхчүүдийг хоёр дахиа тэргүүлнэ гэдэг тийм ч амархан биш болов уу. Таны хувьд ямар бодолтой байна?
-2013 онд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодуулж түрүүлж байсан. Харин энэ жил Ч.Санжаадамба заантай үзүүр түрүүнд үлдэж давлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цом учраас их хүндэтгэж бэлгэшээдэг. Би “Хилчин” спорт хороонд харьяалагдах болсон. Энэхүү цомын тэмцээн тав дахь удаагаа зохиогдож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын заан М.Өсөхбаяр нэг, миний бие хоёр удаа цомын эзэн болсон гээд “Хилчин”-гийн бөхчүүд тав дахь удаагаа түрүүлээд байна.
-Цом гардуулах мөчид төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өөрт тань ихэд дотночилж үг хэлж байсан?
-Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдэг утгаараа дотно. Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргээд “Сайн барилдлаа, хүү минь” гэж хэлээд духан дээр минь үнсэхэд үнэхээр сайхан санагдсан шүү. Төрийн тэргүүнээсээ ийм хүндэтгэл хүлээн авахаас өөр сайхан юм гэж юу байхав.
-Өнгөрч буй он таны хувьд хэр амжилт бүтээлээр дүүрэн жил байв. Нийтдээ хичнээн барилдаанд зодоглосон байна вэ?
-Өнгөрсөн онд “Хангарьд” спорт хороон дээр заан Бямбадорж багштайгаа бэлтгэл сургуулилт хийсэн. Бямбаа багшдаа юуны өмнө талархах нь зүйтэй байх. Заалны барилдаанд цөөхөн оролцсон. Бэлтгэлээ Эрдэнэтэд “Хангарьд”-д хийж хааяа хотод ирж барилдаанд оролцчихоод байсан. Чансааны хувьд шинэ онтой гайгүй золгож байгаа шүү.
-Удахгүй сар шинийн барилдаан болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-“Хилчин” спорт хороо, “Хангарьд”-д харьяалагдан барилдаж байгаа. Бэлтгэлээ Зайсан дахь Кёкүшюзан Батбаяр, Батзориг заан хоёрын хамтарсан дэвжээнд Архангайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байна. Цагаан сарын барилдаан хаяанд ирсэн байна. Үүнээс өмнө Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан болно. Томоохон барилдаан ар араасаа хөвөрч л байна. Бэлтгэлээ л сайн базаах хэрэгтэй байна даа.
-Одоо хэн таныг бөхийн спортод чиглүүлж, заавар зөвлөгөө өгч байна вэ?
-Заан Батзориг ах миний гол түшиж тулж яваа хүн минь юм шүү дээ. За тэгээд багш нар, найз нөхөд гээд зөвлөдөг хүмүүс бий.
-Бөхийн хүрээнээс хэнтэй ойр дотно нөхөрлөж байна?
-Манай Ховдын Тайван арслан, Отгонцоож, Түвшинтөр, Мөнхбат гээд сайхан залуучууд бий. Бид дөрөв их сайхан нөхөрлөөд явж байна.
-Начин, харцага цолонд хүрэхэд хоёр ч удаа та бид хоёр ярилцаж байлаа. Тухайн үеэс одоогийн барилдаан улам л чангарсан харагддаг. Бяр чадлаас гадна улсын цолыг авч явна гэдэг их хариуцлага гэж бөхчүүд ярьдаг. Танд өнгөрсөн хугацаанд хэр өөрчлөлт гарав?
-Заримдаа тэгж боддог шүү. Хүн хийдэг бэлтгэлээ хийгээд байгаагаараа байх шиг сайхан юм байхгүй ш дээ. Би өөрийгөө характертай хүн гэж боддог, барилдаан дээр. Ер нь спортын хүн тийм байх нь зүгээр байх. Нэгэнт л барилдах гэж гарч ирсэн юм чинь. Батзориг ах “Та нар ямар эрхлэх гэж гарч ирсэн биш олигтойхон яваад барилдчих. Ёстой хазахаас бусдыг хийх хэрэгтэй” гэдэг юм.Аймгийн цолтой байх үед заримдаа элэг бүсдэж байгаад уначихаар ах “Түшүүлээд тавьчихсан шонгийн мод шиг юм зогсож байгаад уначихлаа” гээд зэмлэнэ (инээв). Би ер нь л явж барилдахыг хүсдэг.
-Бөх сонирхогчид таныг их сайхан задарсан гэж ярих юм?
-Долоо хоногийн дөрвөн өдөр хүчний бэлтгэл хийгээд хоёр өдөр дэвжээний бэлтгэл хангадаг. Харин нэг өдөр ууланд гүйнэ. Долоо хоног бүтэн л бэлтгэл хийж байна.
-Анх улсын цолонд хүрч байсныг бодвол өнөөдөр цолоо ахиулаад, амьдрал ахуйд тань олон өөрчлөлт орсон болов уу. Хувийн амьдралдаа хэр цаг зав гаргаж байна. Гэр бүлтэй болоо юу?
-Бөхөө дээдэлдэг ард түмнийхээ буянаар, багш нар, найз нөхдийнхөө дэмжлэгээр сайхан л явна. Бөх хүн түмэн олондоо хүндлэгдэхээс өөр сайхан зүйл гэж юу байхав. Харин гэр бүлээ хараахан зохиож амжаагүй явна. Залуу насандаа зорьсон төлөвлөсөн зүйл их.
-Найз охинтой болсон биз дээ?
-Найз охинтой.
-Бөхөөс гадна хувийн бизнес, өөр ажил төрөл хийж байна уу?
-Одоогоор бөхдөө сэтгэл зүрхээ зориулаад бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Спортын нас богинохон гэдэг шүү дээ. Мэдээж гучин нас гараад ирвэл гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх өөрийн гэсэн бизнес ч юм уу ямар нэг ажил хийж л таарах байх даа.
Эх сурвалж "Өдрийн сонин" Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13