Энэ сарын 28-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг “2021 оны Үйл ажиллагааны тайлангийн хурал”-аа хийлээ. Тайлангийн хурлын үеэр шилдэг ажилтан, шилдэг тасаг, болон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн Хүндэт тэмдэг, Хүндэт жуух бичиг шагналуудаар нийт 57 эмч, сувилагч, инженер, техникч, үйлчилгээний ажилтнууд шагнагдлаа. Тайлангийн хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “УНТЭ-ийн эмч, ажилчид та бүхэндээ МУ-д эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой, маргааш тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийн болон айлчлан ирж буй 2022 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэж байгааг минь хүлээн авна уу! Улиран одож буй 2021 он манай хамт олны хувьд Ковид-19 цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тавигдаж, үйл ажиллагаа маань хязгаарлагдаж буурсан. Ковид-19 халдварын тасгийг нээж, улсын хэмжээнд хамгийн хүнд эмчлүүлэгчдийг хүлээн авч эмчилсэн, эрүүл мэндийн салбарт цоо шинээр нэвтэрч буй санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан жил байсан хэдий ч УНТЭ-ийн нийт эмч, ажилчдын хичээнгүй хүчин чармайлтаар энэ бүхнийг амжилттай даван туулж, хүн ардад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг ч өдөр алдагдуулаагүйн зэрэгцээ олон шинэ технологийг нэвтрүүлж, он дамнасан 1,4 тэрбум гаруй төгрөгийн өрийг дарж, нийт ажилчдынхаа цалинг нэмж, санхүүгийн хувьд эерэг баланстай гарч байгаа амжилттай он байлаа“ хэмээв.
Мөн үеэр УНТЭ-ын Нүд судлалын тасгийн зөвлөх эмч П.Бүрэнжаргалыг Ази номхон далайн нүд судлалын академиас “Ази Номхон Далайн бүс нутагт Нүд Судлалын салбарыг хөгжүүлэх, хүн амын дунд сохролыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ОУ-ын ГАВЬЯАТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН” батламжаар шагнагдсаныг гардууллаа. Үргэлжлүүлэн УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН”-гаа нийт ажилчиддаа танилцууллаа. Тайланд “2021 онд УНТЭ-ээр 254,239 иргэд амбулаторын үйлчилгээ үзүүлж, 17,330 хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн дэмжих төвөөр 2794 үйлчлүүлэгч үйлчлүүлжээ. Мэс заслын тусламж үйлчилгээг 8723 иргэнд хийж, үүнээс элэг шилжүүлэн суулгах мэс засал 31, бөөр шилжүүлэн суулгах мэс засал 23 хийгдсэн байна. Яаралтай түргэн тусламжийн тасгаар 23,596 иргэнд үйлчлүүлжээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээнд Молекул биологийн лаборатори нь 238,702 иргэний PCR-ын шинжилгээг хийж улсын хэмжээнд хамгийн олон сорьц шинжилсэн байгууллага болсон. 2021 онд УНТЭ нь 12,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж үүнээс 8,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг эрчимт эмчилгээг өргөжүүлэх чиглэлд зарцуулснаар 12 орыг 50 хүртэл нэмэгдүүлж чадлаа. PRISMA FLEX, PULMO VISTA, Ясны анхдагч хавдрын үед аарцгийн зүүн талыг тайрч, түнхний үе сэргээх мэс засал,самалдгийг хавирганы мөгөөрсөөр нөхөн сэргээх мэс засал, духны хөндийг дурангаар эмчлэх драфф мэс засал, цусны хорт хавдрын оношилгоонд 28 хромсомын транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн. Эрхтэн шилжүүлэн суулгах төсөл 3,5 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийжээ. Мөн ЭМЯ-ны нэмэлт хөрөнгө оруулалтаар 6,075 тэрбум төгрөг төвлөрүүлж олон төрлийн тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Ажил хөдөлмөр хичээнгүй хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж ажилласан 2021 оны ШИЛДГҮҮД:
Оны шилдэг тасгаар Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори, Оны шилдэг дэмжих үйл ажиллагаатай хамт олноор Эм зүйн алба шалгарч Өргөмжлөл, 10 сая төгрөгрний батламжаар шагнагдлаа
Оны шилдэг удирдах ажилтнаар С.Алтансүх,
Оны шилдэг их эмчээр Л.Мөнх-Очир,
Оны шилдэг дэмжих үйлчилгээний ажилтан Д.Баярмагнай,
Оны шилдэг тусгай мэргэжилтнээр н.Мягмарханд,
Оны шилдэг сувилагчаар н.Лхагважаргал,
Оны шилдэг үйлчилгээний ажилтнаар н.Туяа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнадлаа.
Мөн УНТЭ-ийн ТУЗ хуралдаж 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Ирэх жил санхүү, эдийн засгийн зөв менежментийг хэрэгжүүлж, эмч ажилчдынхаа цалин урамшууллыг бодитой үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, хүнд сурталгүй, авилгагүй орчин үеийн эдийн засаг, бизнесийн зарчмыг хослуулсан загвар эмнэлэг байхаар зорин ажиллахаар тусгасан байна.
УНТЭ-ийн хамгийн үнэт зүйл болсон нийт эмч, ажилчиддаа айлчлан ирж буй шинэ ондоо аз хийморьтой байж, эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөе!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13