Б.ЖАВХЛАН: Олон улсын жишигт бариад төсөвтөө шууд шахдаг зохицуулалт байхгүй. Үүнийг түншлэл гэж хэлэхгүй

Admin | 2022-11-01


   Сангийн яамны сайд болон бусад албаны хүмүүс Концессын хуулийг цуцалж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлахаар бэлтгэж байгаа талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлэл өгсөн юм. Тэдний хэлж буйгаар Концессын хуулийг халж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталснаар жил бүр төсөвт ирж буй урсгал болон концессын гэрээний төлбөрийн дарамтыг бууруулна гэж тооцоод байгаа юм.

Концессын хуулийг яагаад халах болсон зарим шалтгааныг жагсаавал:

  • Институцийн тогтворгүй байдал-2010 оноос хойш концессын асуудал хариуцсан нэгж 7 байгууллага дамжсан
  • Хууль зөрчсөн сонгон шалгаруулалт-Концесс эзэмшигчийг сонгох аргыг тодорхойлох, шалгаруулалт явахдаа холбогдох хууль, журмыг зөрчсөн
  • Хуулийн шаардлага хангаагүй шууд гэрээ-Нийт гэрээний 60 хувь нь шууд гэрээ
  • Хуулийн шаардлага хангаагүй төслийн жагсаалт- Төслүүдийн үр ашиг, ач холбогдлыг Засгийн газраар батлуулсан
  • Төсөвт ихээхэн ачаалал үүссэн-Бариад шилжүүлэх төрлийн 37 төслийн нийт эргэн төлөлт 2 их наяд /2016-2025он/
  • Хуульд заасан журам, аргачлал батлагдаагүй-Концессын хуульд заасан холбогдох журам, аргачлалууд батлагдаагүй байх төслүүд хэрэгжсэн
  • Салбар яамдын оролцоогүй-Сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад салбарын яамд оролцоогүй гэх мэтчилэн асуудлууд тулгарсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Олон улсын жишигт бариад төсөвтөө шууд шахдаг зохицуулалт байхгүй. Үүнийг түншлэл гэж хэлэхгүй

"Төр, хувийн хэвшлийн түншлэлийг улс орон бүр дэд бүтэц, төрийн үйлчилгээг хөгжүүлэх бодлогын арга хэрэгсэл болгон ашигладаг. Түншлэлийн гэрээ байгуулсны дараа Засгийн газар үүргийн баталгаа бичиж өгнө. Тэгэхээр нэгэнт засгийн газрын ачааллыг хувийн хэвшил хамт үүрэлцэж байгаа бол энэ бизнесийг нь хамгаалж өгөх юм. Олон улсын жишигт бариад төсөвтөө шууд шахдаг зохицуулалт байхгүй. Үүнийг түншлэл гэж хэлэхгүй. Төсвөө дээрэмдэж байгаа нэг хэлбэр.

Шинэ хууль нь нийгэм эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн боломж, чадавх дээр суурилж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр төрийн үйлчилгээг хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой явуулах эрх зүйн зохицуулалттайгаар хэрэгжих юм. Тус хуулийн 31, 32 дугаар зүйлд хариуцлагын асуудлыг маш тодорхой тусгасан " гэв.

31 дүгээр зүйл. Засгийн газрын баталгаа

31.1. Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн ТХХТ-ээр хэрэгжүүлэх төсөлд дараах баталгааг гаргаж болно:

31.1.1. ТХХТ гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа;

31.1.2. түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа.

31.2. Энэ хуулийн 31.1-д заасан баталгааг гаргах, үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгчтэй холбогдох гэрээ байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

31.3. Энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нь Засгийн газрын өрийн баталгаанд хамаарахгүй бөгөөд уг баталгааг гаргах, гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 7.2.5-д заасан журмын дагуу зохицуулна.

31.4. Энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр ТХХТ-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлд Засгийн газраас өрийн баталгаа гаргахаар тогтоогдсон тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчид Засгийн газрын өрийн баталгааг Өрийн удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн гаргаж болно.

31.5. Энэ хуулийн 31.4-т зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулна.

32 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэг

32.1. Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчид дараах дэмжлэгийг үзүүлж болно:

32.1.1. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах,

32.1.2. төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;

32.1.3. холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

32.1.4. түншлэлийн гэрээнд зааснаар төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх;

32.1.5. шаардлагатай тохиолдолд түншлэлийн зүйлийг даатгалд хамруулах;

32.1.6. түншлэлийн төслөөр бий болгохоос бусад төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;

32.1.7. хуульд заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.

32.2. Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно.

32.3. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлэх нийт дүн нь төслийн нийт зардлаас хэтэрч болохгүй.

32.4. Түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжинэ.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг: "Барих-Шилжүүлэх" төрлийн богино хугацаатай, төсөвт дарамт учруулах төслүүдийг түншлэлээр хэрэгжүүлэхгүй

 "Барих-Шилжүүлэх" төрлийн богино хугацаатай, төсөвт дарамт учруулах төслүүдийг түншлэлээр хэрэгжүүлэхгүй. Аливаа байгууллага гэрээгээр нэг зүйл барьчхаад дараа нь мөнгөө авдаг. Гэтэл бариад төрд шилжүүлж байгаа ажлыг нь харахаар чанаргүй, толгойтой үс ээ зулгаамаар байдалтай байдаг. Энэ бол концессын гэрээний буруу хэлбэрийг сонгоод явсан нь харагдаж байгаа юм. Харин Төр хувийн хэвшлийн түншлэлээр концессын гэрээг илүү боловсронгуй болгож, дунд болон урт хугацааны гэрээг хувийн хэвшилтэй хийх учир илүү тогтвортой, гүйцэтгэлтэй, чанартай бүтээн байгуулалтыг бий болгох учиртай.

Мөн тэрбээр хувийн хэвшил төртэй түншилснээр олон давуу байдал үүснэ гэсэн юм. Тэдгээрээс дурдвал,

  • бизнесийн шинэ зах зээл нээж өгнө
  • хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
  • гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ
  • урт хугацааны тогтвортой бизнестэй болно гэсэн юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)