Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.08/ хуралдаан 14 цаг 42 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх системд нөлөө бүхий гэгдэх банкуудыг олон нийтийн хувьцаат компани болгох ажлын явц ямар байгаа талаар тодрууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкуудын активын чанарын үнэлгээг өнгөрөгч наймдугаар сард хийж дууссан. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ч банкуудын активын чанарын үнэлгээтэй тодорхой хэсгээр танилцаад олон нийтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ тусгасан. Активын чанарын үнэлгээний үр дүнгийн дараачаас эхлээд системийн нөлөө бүхий таван том банк эхнээсээ олон нийтэд хувьцаагаа гаргаж байна. Хамгийн түрүүнд Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсон, таван хувиа олон нийтэд санал болгож, зарсан. Санал нь 300 хувиар биелсэн. Голомт банк болон Хаан банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа гаргахаар Монголбанкнаас урьдчилсан зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгнө. Энэ ондоо багтаад дээрх хоёр банк нээлттэй хувьцаат компани болно гэсэн хүлээлттэй байна. Хас банк болон Худалдаа хөгжлийн банк албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна. Хуулийн хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл нэг жилээр сунгасан учраас дараа оны эхний хагас жилийн хугацаанд энэ хоёр банк хувьцаагаа гаргах боломжтой" хэмээлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 7 минутын өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13