“Шар дарцаг” аяны шилдгүүдийг шалгарууллаа

Admin | 2022-01-03


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/834 дүгээр захирамжийн дагуу Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү аяныг нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 281 сургуулийн 10,256 бүлгийн 340,069 сурагч, 684 цэцэрлэгийн 3,540 бүлгийн 85,119 хүүхэд хамрагдсан.

Шар дарцаг”-ийг гэрлэн дохиогүй гарцаар гарахад хэрэглэж хэвшүүлэх, таниулах ажилд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарын оролцоог хангаж, идэвх санаачилга гарган ажилласан нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн  О.Пүрэвжаргал захиралтай хамт олон нэгдүгээр байрт, 107 дугаар сургуулийн Д.Мөнхзаяа захиралтай хамт олон хоёрдугаар байрт, 47 дугаар сургуулийн Л.Машбат захиралтай хамт олон гуравдугаар байрт шалгарсан.

Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас нийслэлийн 136 дугаар цэцэрлэгийн Б.Эрдэнэчимэг эрхлэгчтэй хамт олон нэгдүгээр байр, 87 дугаар цэцэрлэгийн Х.Пүрэвсүрэн эрхлэгчтэй хамт олон хоёрдугаар байр, 189 дүгээр цэцэрлэгийн Б.Бямбасүрэн эрхлэгчтэй хамт олон гуравдугаар байрт шалгарсныг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга  И.Баатархүү нар хүлээн авч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан “Шар дарцаг” арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэн дэмжих талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)