Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Admin | 2 Жилийн өмнө


   Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.30/ хуралдаан болов.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар  нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  төсөл санаачлагчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хуралдаан удирдах нь зохимжгүй гэдгээ мэдэгдээд хуралдаан даргалах үүргийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад шилжүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)