Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Рамачандран Павит үг хэлж, баяр хүргэлээ. Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудыг төлөөлөн хэлсэн үгэндээ тэрбээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарт томоохон дэмжлэг үзүүлж, нийт 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 сая ам.долларыг Ковид-19 цар тахлын эсрэг арга хэмжээнд, мөн 100 сая ам.долларыг энэ онд төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг онцолсон юм.
Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк 2010 оноос хойш Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд “Энэ хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ орчимд дэд төвүүд байгуулагдаж, хөрөнгө оруулалтын үр дүн гарч байгаад сэтгэл ханамжтай байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Филиппинд төвтэй, Азийн улс орнуудын нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хөгжлийн энэхүү банк мөн хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хямд орон сууцыг Улаанбаатар хотод байгуулах, дэлхийн стандартад нийцсэн улсын жишиг эмнэлгүүд байгуулах төслүүдийг санхүүжүүлж буй. Энэ талаар ноён Рамачандран Павит “Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдийн нэг нь 2021 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэхүү эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ бүхий улсын жишиг эмнэлэг бөгөөд цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэг төдийгүй бусад аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн тодотголоо. Эцэст нь, Азийн хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хотод найдвартай, уян хатан, хэмнэлттэй дэд бүтцийг байгуулах чиглэлээр үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, энэ хүрээнд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд тууштай дэмжлэг үзүүлсээр байх болно гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 1 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13