Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт он гарсаар хэрэгжиж байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
-Шаталсан татвар нь дундаж давхаргын хэсэгт дарамт болж байна гэсэн олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ тухайд?
-Манай улс ХХОАТ-ыг ажиллаж буй хүмүүсээс суутган авах, иргэд өөрсдөө мэдүүлэх замаар сайн дураар төлөх гэсэн хоёр тусдаа хэлбэрээр тооцдог. Одоо зөвхөн эхний хэлбэр буюу суутган төлөлтөөс л бид 10 сая төгрөгөөс давсан хэсэг дээр л шаталсан татвар тавьж байгаа. Түүнээс биш орлогоо сайн дураар тайлагнан тооцдог хэсэгт үйлчлэхгүй, ногдохгүй, хуучин 10 хувийн аргачлалаар явна гэсэн үг юм. Тусдаа хоёр өөр ойлголт бүхий хэлбэрүүд юм. Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл юм. Нөгөө талдаа тансаг хэрэглээн дээр тавьдаг, ААН-үүд дээр ч тэр өндөр орлоготой нь их төлдөг татварын шинэчлэл юм. Манай улс шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн болохоос биш нэмсэн шатлалын татвартай байгаагүй. Хэдийгээр шаталсан төлөлт 10 хувиас эхэлж байгаа боловч тооцоолоод үзэхээр бид бага орлоготой хэсгээсээ 4.8 хувийн татвар авдаг. Сарын 10 саяаас дээш буюу жилийн 120 сая төгрөгийн орлоготой иргэд нийт Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) төлөгч 816 мянган хүний 0.5 хувь нь болж, 1300 иргэн хамрагдаж байгаа.
Энд өнөөдөр хэдийгээр цөөн хэсэг хамрагдаж буй боловч татварын энэхүү шинэчлэл өөрчлөлтийг хөгжлийн дунд болон урт хугацааны зорилт болох “2030-2050 Алсын хараа”-д тусгасан эдийн засгийн суурийг тэлэх, түүн дээрээ үндэслэн ДНБ буюу нэг хүнд ногдох үндэсний орлогыг 2030 онд 10 мянган ам.доллароос давуулна гэсэн зорилтод нийцүүлж буй юм. Тэр үед өндөр орлоготой хэсэг өнөөдрийнх шиг 0.5 хувь биш, магадгүй 5-10 хувь болж, өнөөдрийн төсөвт оруулж буй 10 тэрбум шиг бус, нийт төсвийн орлогын зохих хувийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй.
-Нөгөө талдаа сайн дурын татвар төлөгчдөд чиглэсэн бодлого хэзээ хэрэгжүүлэх вэ. Тэгэхгүй бол тэгш бус байдал бас үүсээд байгаа шүү дээ?
-Бид татварын болон санхүүгийн боловсролыг олгох хэрэгтэй байна. Манай татварын болон хууль эрх зүйн орчинд өнөөдөр хэдийгээр сайн дураар буюу орлогоо тайлагнахгүйгээр авч үлдэх, нуух, улмаар татварын өр үүсэх зэрэг дараа дараагийн эрсдлийг дагуулан үүсгэх нөхцөлтэй байгаа боловч ийм явдлыг далд эдийн засгийг бий болгож байна хэмээн хүчээр буруутгах арга байхгүй. Харин эсрэгээр татвараа илүү хялбар аргаар тайлагнадаг амархан, ойлгомжтой байдалд оруулан цахимжуулж өгөх хэрэгтэй байна. Ингэж байж шат дараатай алхмаар сайн дураар татвар төлөгчдийн тоо болон татварын суурь орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.Тогтмол цалин авдаггүй ч тодорхой хэмжээний орлого олдог бүлэг, хэсгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч, чөлөөт уран бүтээлчид, худалдаачид, урлаг соёлынхон, нотариач, өмгөөлөгч нарын хүмүүсийг татварын эрсдлээс зайлсхийх, татвараа тайлагнадаг болгоход нь сургалт явуулж, боловсрол олгоно. Дээр нь татвараа тайлагнадаг үйл ажиллагааг дээр хэлснээр илүү хялбаршуулна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө