Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлнэ

Admin | 2023-03-13


Дэлхийд томоохонд тооцогддог Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлж байна. "Оюутолгой"-н гүнийн уурхайн байнгын ажиллагаа өнөөдөр 13:00 цагт эхэлж, үнэ цэн нь нэмэгдэх түүхэн мөч ирлээ. Гүнийн уурхайн нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" компанийн удирдлагууд оролцоно.

"Оюутолгой"-н нийт баялгийн 80 гаруй хувь газрын гүнд оршдог. Гүнийн уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож, газрын гадарга руу тээвэрлэх юм. "Оюутолгой" 2030 он гэхэд дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ил болон гүнийн уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500.000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд ирэх таван жилд дунджаар 350.000 орчим тонн зэс олборлох тооцоо гаргасан билээ.

Гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой” зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж, газрын гүнийн 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр гүнийн уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30.000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95.000 тоннд хүргэхээр зорьжээ.

“Оюутолгой”-н гүнийн уурхай хүдрийн биетийг блокоор нураан олборлох аргаар буюу уулын цулын хүндийн хүчийг ашиглан олборлох юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш тус хамт олон хүдрийн биетийн ёроол хэсэгт тэсэлгээ хийж, хүдэр буулгуур гэгддэг байгууламжуудыг үүсгэж, цаашид хүдэр олборлолт тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гүнийн уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм. Тодруулбал, "Оюутолгой" компани 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

Гүнийн уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай. Эдгээр хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг юм. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан, доороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга.

Оюутолгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн “Эрдэнэс Оюутолгой” компани, 66 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг. “Рио Тинто” нь 2022 оны нэгдүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалтаа биелүүлж цаашид Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болгох эхлэлийг тавьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)