Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

Admin | 2023-03-13


Одоогоос 14 жилийн өмнө яригдаж эхэлсэн Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 хувийг агуулдаг гүний уурхайн олборлолт өнөөдрөөс эхэлж байна.

Хөрөнгө оруулагчид Оюутолгой төсөлд нийт 15 тэрбум ам.долларыг зарцуулж газрын гүнд жилд 365 хоног зогсолтгүй олборлолт хийх гүний уурхайг бий болгоод буй. Уг бүтээн байгуулалт нь газрын гадаргаас 1.3 км-ийн гүнд хийгдсэн бөгөөд таван босоо ам бүхий 203 км урттай хонгилоор блокчлон олборлолт хийж, олборлосон хүдрийг буталж туузан дамжуулагч хүртэл тээвэрлэх замаар ажиллах юм.

“Оюу Толгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Гүний уурхай дэлхийд олон байдаг. Гэхдээ блокчлон олборлох аргыг ашигладаг гүний уурхай олон биш. Үүгээрээ “Оюу Толгой” ихээхэн өвөрмөц болж байгаа юм. Зөвхөн энэхүү арга барил, блокчлон олборлолтын тухай ойлголтоос шалтгаалсан техникийн хүндрэлүүд гарах нь ойлгомжтой. Тиймээс нураалтын талбай буюу хонгилын хяналтын маш сайн системтэй байх ёстой. Хонгилын шинж чанарыг маш сайн тандан судалж, дүрмийг чанд баримтлах шаардлагатай” гэж байв.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж байна. Өөрөөр хэлбэл, манай улс зэсийн зах зээлийн гол таван тоглогчийн нэг болох юм. Гүний уурхайн олборлолт хийгдэж эхэлснээр Оюутолгой компанийн жилийн борлуулалт 5 тэрбум ам.долларт хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөг болох аж.

Өнгөрсөн онд зэсийн баяжмалын экспорт нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 22 хувийг бүрдүүлсэн буюу 2.7 тэрбум ам.долларын 1.5 сая тн зэсийн баяжмал экспортолсон. Тэгэхээр гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт гурав дахин нэмэгдэхэд экспортын орлого үлэмж нэмэгдэнэ. Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь нь монгол ажилчид, тэр дундаа 21 хувь нь Өмнөговь аймгийн иргэд аж.

“Rio Tinto” гүний уурхайн олборлолтыг 2030 он гэхэд оргил үйлдвэрлэлд хүргэхээр зорьж буй. Тэгэхээр нэг өдөрт л гэхэд 95 мянган тн хүдэр олборлоно гэсэн үг. Нэмээд 2035 он гэхэд гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт 25 хувь өснө гэж үзэж байгаатай холбогдуулан “Rio Tinto” Оюутолгойд 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа. Тэгэхээр Оюутолгойн ордоос хүртэх орлого, ашиг жилээс жилд улам бүр өсөх нь ээ. Гол нь Оюутолгойн зэсийн уурхайнаас орж ирэх ашиг орлогыг Монгол Улс үр дүнтэй ашиглах л үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)