“Silicon Valley Bank”-ны түүхэн дампуурал

Admin | 2023-03-14


АНУ-ын “Silicon Valley Bank” (SVB)-н хэрэглэгчид 10 цагийн дотор 42 тэрбум ам.долларын хөрөнгөө татаж түүхэн дэх хамгийн том банкнаас урвах (Bank run) үйл явдал боллоо. Уг дампуурал Америкийн түүхэн дэх хоёр дахь том банкны дампуурал болов. SVB нь Америкийн технологийн стартапуудын томоохон зээлдүүлэгч тэд 1983 онд байгуулагдсан. Өнгөрсөн оны эцэст 209 тэрбум ам.долларын нийт хөрөнгөөрөө Америкийн 16 дахь том банк болж байв.

SVB нь Америкийн венчур дэмжлэгтэй технологи, эрүүл мэндийн компаниудын бараг талд нь санхүүжилт олгосон бөгөөд дараах хүчин зүйлсээс болж дампуурав.

Орлого буурав: Бодлогын хүүгийн эрчимтэй өсөлтийг дагаж зээлийн өртөг нэмэгдсэн. Мэдээж стартапууд тэр болгон өндөр зээл авахыг хүсэхгүй нь лавтай. Мөн дээрээс нь венчур хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь орлого буурахад шууд нөлөөлжээ.

Хөрөнгө буурав: Тэд мэдээж хадгаламжийг зүгээр байлгаагүй. Эрсдэл багатайг нь бодож бондод хөрөнгө оруулсан ч бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор тэдний эзэмшил бондууд үнэгүйдэх нь тэр.

Улмаар тэднийг төлбөрийн чадваргүй болж буйг анзаарагсад өөрсдийн хөрөнгийг татаж эхлэв. Арга ч үгүй биз нийт хадгаламжийн 89 хувь нь буюу 175 тэрбум ам.доллар нь 250 мянгаас дээш дүнтэй буюу даатгагдаагүй.

USDC стэйблкойныг хүртэл ганхуулав

Дэлхийн хамгийн том, найдвартай гэгддэг стэйблкойн болох USD Coin (USDC) доллартой харьцах 1:1 аргамжаа алдаж ханш нь $0.87 хүрээд амжив. Учир нь USDC-г гаргагч Circle USDC-н нөөц $40 тэрбумын $3.3 тэрбум нь SVB-д байгааг мэдэгдсэн ба үүнтэй холбоотойгоор USDC-д хөрөнгө оруулагчид $2 тэрбумын хөрөнгөө татсан нь ийнхүү нөлөөлжээ. Circle уг асуудлыг хүндэрвэл өөрсдийн хөрөнгөөр нөхөх боломжтой гэдгээ мэдэгдсэнээр өөрсдийн стэйблкойн үнийг $1 луу ойртуулж чадав.

АНУ-ын эрх баригчид SVB банкийг аврахаар боллоо

Ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ АНУ-ын сангийн яам, Холбооны нөөцийн банк, Холбооны хадгаламжийн даатгалын корпорац (ХХДК) төлбөрийн чадваргүй болсон Silicon Valley Bank (SVB)-ийг “бүрэн аврах” болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл, SVB банкны даатгалтай, даатгалгүй бүх харилцагчийн мөнгийг даваа гарагаас эхлэн олгохоор болжээ.

“Холбооны нөөцийн банк, Холбооны хадгаламжийн даатгалын корпорацын удирдах зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу, АНУ-ын ерөнхийлөгчтэй зөвлөлдсөний үндсэн дээр Калифорнийн Санта-Кларад төвтэй SVB банкны бүх харилцагчийн мөнгийг ХХДК бүрэн хариуцах шийдвэрийг сангийн сайд Жанет Йеллен гаргалаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Мэдэгдэлд цааш нь “Хадгаламж эзэмшигчид гуравдугаар сарын 13-ны даваа гарагаас эхлэн дансандаа бүрэн хандах боломжтой болно. SVB банкны алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй” гэжээ.

ХХДК өнгөрсөн Баасан гарагт SVB банкны удирдлагыг гартаа авсан юм. Тус байгууллага $250,000 хүртэл хэмжээтэй даатгалтай хадгаламжид баталгаа гаргах журамтай. Харин бусад харилцагчийн мөнгийг банкны хөрөнгийг зарсны дараа олгохоо баасан гарагт мэдэгдэж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)