Зээлийн батлан даалтын сан өнгөрсөн онд 8.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Admin | 2023-03-14


Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-гийн өнгөрсөн оны ашиг 6.3 хувь өсөж 8.5 тэрбум төгрөг болжээ. Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар ЗБДС-гийн нийт хөрөнгө 1.4 хувь нэмэгдэж 258.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Сангийн нийт хөрөнгийн 69.6 хувийг өр төлбөр, 30.4 хувийг сангийн цэвэр хөрөнгө бүрдүүлж буй. Нэмж дурдахад сангийн цэвэр хөрөнгө 10.2 хувь нэмэгдэж 78.6 тэрбум төгрөг болсон аж. Түүнчлэн, ЗБДС-гийн орлого 15.1 хувь өсөж 12.2 тэрбум төгрөгт хүрснээр ашиг нь 6.3 хувь нэмэгдсэн байна.

ЗБДС-тай нэр бүхий 11 банк, таван ББСБ хамтран ажиллах гэрээтэй ч үүнээс зургаан банк, нэг ББСБ-ын зээлд батлан даалт гаргаж байгаа аж. 2022 оны эцсийн байдлаар ЗБДС нь 580 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн 153.5 тэрбум төгрөгийн зээлд 78.1 тэрбумын батлан даалтын үлдэгдэлтэй байгаа юм.

Нийт батлан даалтын 34.2 хувийг боловсруулах үйлдвэрийн, 29.8 хувийг бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагааны, 7.7 хувийг хөдөө аж ахуйн, 6.8 хувийг нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 6.4 хувийг аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын батлан даалт тус тус эзэлж байна.

Нийтдээ 16 төсөл болон банк, ББСБ-аас олгосон зээлд батлан даалт гаргажээ. Тэр дундаа Азийн хөгжлийн банкны МОН-3338 төслөөс авсан зээлд хамгийн их буюу 83.8 тэрбум төгрөгийн батлан даалт гаргав. Тус сангийн батлан даалтын үлдэгдлээс 83 зээлдэгчийн 11.7 тэрбум төгрөгийн батлан даалт буюу нийт батлан даалтын 15 хувь нь чанаргүй байгаа аж.

Одоогоор ЗБДС-тай хамтрагч банк, ББСБ-ын тоо бага байгаа тул цаашид ББСБ, ХЗХ-дыг ЗБДС-тай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ингэснээр хөрөнгийн дутагдалтай ЖДҮ эрхлэгчид таатай нөхцөлөөр зээл авах боломж үүсэж, санхүүгийн хүртээмж нэмэгдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)