Ковид-19-ийн цар тахлын үеэр монголчуудын гадаад худалдааны номер 1 сонголт Хятадаас Турк руу шилжиж бараг л хөлтэй болгон Турк руу явсан. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 110 сая ам.долларт хүрчээ. Сонирхуулахад, Туркийн мөнгөн тэмдэгт лирагийн ханш сүүлийн хоёр жилд төгрөгийн эсрэг 52.3 хувь унасан аж. Тэгэхээр ханшийн уналт том хөшүүрэг болсон нь ойлгомжтой.
Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайд 31 жилийн дараа Туркт айлчлаад буй. Тус айлчлалаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 10 жилийн өмнө тавьсан зорилт буюу 110 сая ам.долларт хүрснийг цохон тэмдэглэсэн юм. Улмаар тэд ирэх 10 жилд энэ тоог хоёр дахин өсгөж, 200 сая ам.долларт хүргэх шинэ зорилт тавьжээ. Тэгэхээр ирэх жилүүдэд Турктэй хийх гадаад худалдаа эрчимжих төлөвтэй.
Өнгөрсөн онд Туркаас импортолсон гол бараа бүтээгдэхүүнд талх, чихэр, мебель, шоколад зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. Харин манайхаас адуу, үхрийн боловсруулсан шир болон хонь, ямааны боловсруулсан арьсыг голлон экспортолжээ. Тэгвэл бид цаашид Турк руу ямар худалдаа хийж болох вэ?
Дайвар бүтээгдэхүүн: Монгол жилд 25-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй төдийгүй дэлхийн ноолуурын 40 хувийг нийлүүлж байна. Энэ ч утгаараа Турк руу малын дайвар бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцаж буй.
Аялал жуулчлал: Засгийн газраас ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил” болгоод буй. Түүнчлэн хоёр орны хооронд шууд нислэгийн тоо ихсэж байгаа бөгөөд Туркаас ирэх жуулчдын тоо өнгөрсөн онд 53 хувь өсөж 2700 болсон нь салбарын түншлэл ахицтай байгааг харуулав.
Дараа жил Монгол Турктай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Үүний хүрээнд хоёр улс одоо байгаа иж бүрэн түншлэлийн түвшнийг стратегийн түншлэл рүү ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд буй. Юутай ч Америкаас гадна дахин нэг стратегийн түншлэлтэй гуравдагч хөрштэй болох нь дээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Г.ЁНДОН: Манай хамт олныг, уурхайчдыг шагнасан юм
tentsver.mn | 4 цагийн өмнө
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13