Эрсдэл ба бизнес

Admin | 2023-03-21


Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) энэ сарын уулзалтаа “Эрсдэлтэй орчинд ААН-ийн санхүүг удирдах нь” сэдвийн дор явууллаа. Тус уулзалт нь үндсэн илтгэл болон панел хэлэлцүүлгээс бүрдсэн юм. Уг сэдвийн хүрээнд юу яригдав?

Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засгийн орчны тойм сэдвээр илтгэл тавив. Түүний дурдсанаар,

Өснө: Эдийн засгийн хөгжлийн яамны тооцооллоор энэ онд нүүрсний экспорт 42 сая тн-д хүрэх боломжтой бөгөөд нүүрсний үнэ өсөж нэг тн нь 177 ам.долларт хүрээд буй. Тэгэхээр экспортын орлого нэмэгдэж цаашлаад 2023 оны эдийн засаг 5.5 хувь өсөх аж.

Гэхдээ: 2023, 2024 онуудад бизнес эрхлэгчдэд учрах хамгийн том эрсдэл нь ханшийн эрсдэл. Учир нь валютын гадагшлах урсгал өндөр хэвээр байх бөгөөд төгрөгийн ханш долларын эсрэг өдөрт дунджаар 1.79 хувь суларч байгаа. Цаашлаад 2023 оны төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.

Банкны дампуурал ба сургамж

Америкийн томоохон банкнуудын дампууралтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Рандолф Коппа санхүүжилт болон эрсдэлийн удирдлагын талаар илтгэл тавьж сандрахгүй байж, хөрвөх чадвараа хадгалахыг сануулав.

Дараа нь ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэлэлцүүлгийн үеэр том банкнуудын дампуурлаас юу сурч болохыг хуваалцсан юм. Тодруулбал, жижиг болон том банкны зохицуулалт адил байж, банкуудыг төрөлжүүлэхгүй байх нь чухал. Түүнчлэн ХасБанкны хувьд хөрвөх чадвараа хадгалахын тулд гадаадын болон Монголын Засгийн газрын бондыг худалдан авахгүй байх зарчмыг баримталдаг аж.

Эцэст нь… Төгрөгөөр орлого олдог бизнес эрхлэгчид ханшийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахын тулд төгрөгөөр санхүүжилт босгох цаашлаад нэг газраас биш хамтын санхүүжилт татах нь үр дүнтэй аж. Түүнчлэн мөнгөний урсгал дээрээ анхаарч зайлшгүй хөрөнгө оруулалтаас гаднах хөрөнгийг хадгалж, хөрвөх чадвараа авч үлдэх нь чухал байгаа юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)