Дэлхийн худалдааны өсөлт саарах төлөвтэй

Admin | 2023-03-29


НҮБ-аас нийтэлсэн тайлангаас харахад дэлхийн худалдааны өсөлт 2023 оны I улиралд буурах төлөвтэй байна. Дэлхий даяарх олон улсын худалдаа 2022 онд 32 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон юм. Энэ дотроо үйлчилгээний худалдаа 15 хувь өсөж 7 их наяд, бараа бүтээгдэхүүний худалдаа 10 хувь нэмэгдэж 25 их наяд ам.долларт тус тус хүрсэн аж. Харин энэ оны эхний улиралд бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлт саарч ердөө 1 хувь нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Олон улсын худалдааны өсөлтөд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд,

-Геополитикийн нөхцөл байдал болон инфляц, бодлогын хүүгийн өсөлтөөс үүдэн улс орнуудын гадаад худалдаа хязгаарлагдаж буй. Өнгөрсөн улиралд л гэхэд Зүүн Азийн орнуудын экспорт 7 хувь буурсан аж. Түүнчлэн Америк Хятадын таагүй харилцаа ч том хаалт болж байгаа.

-Харин цахилгаан машин, хуванцар бус сав боодол, салхин сэнс зэрэг ногоон барааны худалдаа 2022 онд 1.9 их наяд ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон нь гадаад худалдааг дэмжив. Цаашид энэ төрлийн бараа болон үйлчилгээний худалдаа энэ улиралд өсөхөөр байгаа аж.

Тэгвэл Монгол Улсад хоёрдугаар сарын гадаад худалдааны эргэлт 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараасаа 5.1 хувь, 2022 оны арванхоёрдугаар сараас 24.8 хувь буурсан дүн юм. Үүнд импортын дүн өмнөх сараасаа 25.8 хувь буурсан нь нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн сулрал нь бараа, үйлчилгээг илүү үнэтэй болгож, эрэлтийг багасгаж, гадаад худалдааг бууруулсан хэрэг. Түүнчлэн энэ улиралд төгрөгийн ханш үргэлжлэн сулрах төлөвтэй буй. Тэгэхээр манайд ч бас I улиралд гадаад худалдааны өсөлт саарах нь тодорхой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)