“Alibaba” бүтцийн өөрчлөлт хийнэ

Admin | 2023-03-30


Хятадын цахим худалдааны хамгийн том компани болохAlibaba групп компаниа зургаа хуваах болсноор хувьцааны үнэ нь нэг өдрийн дотор 14 хувь өсөж 98 ам.долларт хүрэв. Өнгөрсөн гурван жил нам гүмхэн байсан цахим худалдааны акул ийнхүү хүчтэй эргэн ирж байна. Alibaba бүтцийн өөрчлөлт хийж олон улсын болон Хятад дахь цахим худалдаа, үүлэн технологи, ложистик, медиа, хоол хүргэлт зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулахаар зургаан компани болгон хуваагдахаар боллоо. Цаашлаад Жак Ма Хятадад эргэн ирсэнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар технологийн компаниудад илүү ээлтэй хандах хүлээлтийг үүсгээд буй.

Alibaba-н орлогын 66 хувийг бүрдүүлдэг Taobao болон Tmall-оо тэдний удирдлагад хэвээр үлдэж үлдсэн таван компанид шинэ удирдлага, шинэ хөрөнгө оруулагчид орж ирнэ. Жак Ма Хятадад эргэн ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол байсангүй. Энэ нь Хятадын Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжих бодлого баримтлах болсонтой нь холбоотой. Товчоор бол түүний эргэн ирэлт гадны хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээл илүү дулаарч, зохицуулалт нь зөөлөрч байгаа гэх итгэлийг төрүүлж буй.

Гурван жилийн өмнө зах зээлд маш том хүлээлт үүсгэж байсан Alibaba-н Ant группийн IPO ажил зогсож байсныг санаж байгаа биз. Энэ удаад монополь болно гэх айдасгүйгээр тус тусын удирдлага, хөрөнгө оруулалттай зургаан жижиг компани IPO хийх нь ээ. Дээрх үйл явдал нь тэдний өрсөлдөгчид цаашлаад зах зээлд ч сайнаар нөлөөлсөн юм. Тодруулбал, JD.com (JD)-ийн хувьцааны үнэ 4, Tencent (TCEHY)-ийнх 4 хувиар тус тус өсөөд зогсохгүй Hang Seng индекс (^HSI) 2, Hang Seng Tech индекс (HSTECH.HK) 3.2 хувь өслөө.

Ийнхүү өнгөрсөн гурван жилийн турш үргэлжилсэн Alibaba-н толгойны өвчин ийн шийдэгдэж байна. Түүнчлэн Хятадын Засгийн газрын эдийн засгаа сэргээх бодлого ч гадаад орчинг зөөлрүүлж байх шиг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)