АНУ Европын холбоонд газрын тос нийлүүлэгч гол орон болов

Admin | 2023-03-30


Америк Европын холбооны орнуудад газрын тос нийлүүлдэг гол экспортлогч болсон байна. Өмнө нь Европын зах зээлд ОХУ тэргүүлэгч байсан аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбооны гишүүн орнуудын импортолсон нефтийн 18 хувь АНУ-д ногдож байна гэж “Евростат” мэдээлэв. Оросын Европт нийлүүлсэн хувь хэмжээ өнгөрсөн оны нэгдүгээр сард 31 хувь байсан бол арванхоёрдугаар сард дөрвөн хувь болтлоо буурчээ. Жилийн өмнө АНУ-ын эзлэх хувь 13 байж. Хамгийн том нийлүүлэгчдийн жагсаалтын хоёрдугаарт Норвеги байна. Тус улс Европын холбоонд нийлүүлэх газрын тосны 17 хувийг эзэлж буй.    

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Европын олон орон Оросын газрын тос, байгалийн шатдаг хий болон нүүрс зэрэг эрчим хүчний түүхий эдийг хэрэглэхээ багасгасан. Ингэснээр тэд Кремлийн дайныг санхүүжүүлэхэд саад болох зорилготой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбоо ОХУ-аас газрын тосыг танкерээр импортлохыг хориглож, экспортод гаргах нефтийн үнэд хязгаарлалт тавьсан аж. Өнөөдөр Оросын нефтийн үнэ баррель тутамдаа 60 ам.доллароос дээш гарахгүй.  

Түүнчлэн Европын холбоо Оросын байгалийн хийн импортыг ч эрс багасгасан. Импортын хэмжээ 2022 оны эхний улиралд 31 хувь байсан бол, арванхоёрдугаар сард 19 болж буурсан аж. Шатдаг хий нийлүүлэх Оросын орон зайг Норвеги эзэлсэн. Тус улс одоо Европын холбооны орнуудын хэрэглэдэг байгалийн хийн 31 хувийг нийлүүлж байна. Норвегийн дараа хоёрдугаар байрт 20 хувиар АНУ оржээ. ОХУ өнгөрсөн жилээс газрын тосыг Энэтхэг болон Хятадад хямд үнээр экспортолж эхэлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)