ОХУ хөрш зэргэлдээ Беларусь улсын нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна. Энэ тухай гуравдугаар сарын 25-нд Оросын төрийн тэргүүн Владимир Путин мэдэгдсэн. Энэ алхам нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг зөрчөөгүй гэж тэр үзэж байна. Тэгэхээр тактикийн цөмийн зэвсэг гэж юу вэ? Эдгээр зэвсгийн талаар Орос ямар бодлого баримталж байна вэ?
Юугаараа аюултай вэ?
1962 оны Карибын хямралаас хойш дэлхийд хамгийн том цөмийн аюул нүүрлэж байна гэж АНУ мэдэгдэв. Вашингтон В.Путины Украины дайнтай холбоотой хэлсэн үгийг дурдсан бололтой. Харин Москва дэлхийн улс орнууд бидний байр суурийг буруу ойлгосон хэмээв. Киев болон барууны холбоотнууд В.Путины дайнд бүх боломжоо ашиглана гэсэн үгийг сануулж, ОХУ тактикын цөмийн зэвсгийг хэрэглэж магадгүй гэж болгоомжилж буй.
Тактикийн цөмийн зэвсэг гэж юу вэ?
Эрдэмтэд болон зэр зэвсгийг хянах тухай хэлэлцээрт оролцогчид олон жилийн турш тактикын цөмийн зэвсгийн тодорхойлолтод маргасаар ирсэн. Тактикын цөмийн зэвсэг АНУ эсвэл ОХУ-ын аль нэг хотыг устгах бус, дайны талбарт тактикын амжилт олохын тулд хэрэглэдэг зэвсгийн төрөл юм. Орост хэчнээн тооны тактикын цөмийн зэвсэг байгаа талаар хэн ч мэддэггүй. Учир нь Хүйтэн дайны үеэс уг мэдээлэл нууц байдаг. Гэсэн хэдий ч тактикын цөмийн зэвсгийн хувьд, АНУ болон НАТО-тай харьцуулахад ОХУ давамгайлдаг. АНУ-ын тооцоолсноор, Орост 2000 тактикын цөмийн зэвсэг бий. Энэ бол Вашингтоны нөөцөөс 10 дахин их гэсэн үг. Цөмийн цэнэгт хошууг янз бүрийн пуужин, торпедо, тэнгисийн эсвэл хуурайн газрын хүчний бөмбөгөөр тээвэрлэж болно. Зүгээр нэг газар аваачиж, тэнд дэлбэлэх боломжтой аж.
АНУ-д 200 гаруй тактикын цөмийн зэвсэг бий. Үүний тал нь Европт байрладаг. Хүчин чадал нь 0.3-170 килотон хүртэлх 12 футын В61 цөмийн бөмбөг Итали, Герман, Турк, Бельги болон Нидерланд дахь зургаан цэргийн баазад хадгалагдаж байгаа. 1945 онд Америкийн Хирошимад хаясан цөмийн бөмбөгийн хүчин чадал 15 килотон.
Тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх тушаалыг хэн өгөх бол?
Орост цөмийн зэвсэг хэрэглэх тухай шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. 1991 онд ЗХУ задарч байхад Орост 22 мянга, АНУ-д 11.500 ширхэг тактикын цөмийн зэвсэг байв. Тэдний ихэнхийг устгасан. Үлдсэн хэсэг нь устгалд орохооор хүлээгдэж буй. Одоо Орост байгаа цөмийн зэвсэг 30 гаруй цэргийн бааз болон агуулахад хадгалагддаг. Эдгээр байгууламжийг Игорь Колесников удирддаг Батлан хамгаалах яамны 12 дугаар ерөнхий газар хариуцна. Батлан хамгаалахын сайдад шууд захирагддаг.
Тактикын цөмийн зэвсгийг хэрэглэхийн тулд В.Путин Аюулгүйн зөвлөлийн өндөр албан тушаалтнуудтай зөвлөлдөнө. Үүний дараа л Жанжин штабт цэнэгт хошууг пуужинтай холбож, хөөргөхөд бэлэн болгох тушаал өгнө. Оросын цөмийн бодлого өөрчлөгдсөн. Шумбагч онгоцууд далайд ил гарч, пуужингийн хүчин цэргийн бэлэн байдлын байрлалд шилжиж, стратегийн бөмбөгдөгч онгоцууд нисэхэд бэлэн байгаа.
Цөмийн зэвсэг байрлуулах
1991 онд ЗХУ задарсны дараа АНУ Беларусь, Украин болон Казахстанд үлдсэн цөмийн зэвсгийг Орост буцаахад ихээхэн хүчин чармайлт гаргасан. 1990-ээд оны эхээр цөмийн зэвсгийг буцаасны дараа ОХУ бусад орны газар нутагт цэнэгт хошуу байрлуулаагүй. Өнгөрсөн бямба гарагт В.Путин мэдэгдэхдээ, ОХУ болон Беларусийн хооронд байгуулсан гэрээ цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын хэлэлцээрт харшлахгүй гэв.
Тухайн үед ЗХУ-ын гарын үсэг зурж байсан Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрт “Цөмийн гүрнүүд бусад улс оронд цөмийн зэвсэг буюу технологийг өгч болохгүй” гэж заасан. Гэхдээ өөрсдийнх нь шууд хяналтаар бусад орны газар нутагт цөмийн зэвсэг байрлуулж болно. Тухайлбал, Европт АНУ-ын цөмийн зэвсэг байрладаг.
М.Хүслэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 13 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14