ДЭЛХИЙН БАНК: Хятадыг дагаж бүс нутгийн эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрнэ

Admin | 2023-04-03


Дэлхийн банкны гаргасан тоймд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.1 хувьд хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын эдийн засаг нээгдэхийн хэрээр 2022 онд 3.5 хувь өссөн Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын өсөлт хурдсах төлөвтэй. Харин тухайн бүс нутгийн Хятадаас бусад улс орнуудын эдийн засаг 2022 онд 5.8 хувь өсөж сэргэсэн бол 2023 онд 4.9 хувь болж өсөлт нь саарах аж. Инфляц, өрийн дарамт зэрэг нь хувийн хэрэглээнд сөргөөр нөлөөлөх тул эдийн засгийн өсөлт ийнхүү саарахаар байна. Цаашлаад түүхий эдийн үнэ өсөх, олон улсын зах зээлд санхүүгийн нөхцөл чангарах, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах зэрэг нь 2023 оны онцлох асуудал болно.

АНУ болон Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд 1 пунктээр өсөхөд Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд дунджаар 0.5 пунктээр нэмэгддэг аж. Ялангуяа Монгол, Соломоны арлууд, Мьянмар зэрэг улсууд Хятадын экспортын гол түнш бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалт эх үүсвэрийн хувьд онцгой хамааралтай.

Энэ жил Хятадын эдийн засаг жилийн өмнөхөөс 2.1 пунктээр өсөж байгаа тул Монголынх ч бас 0.5 пунктээр өсөх төлөвтэй байна. Мэдээж хилийн асуудал арилснаас үүдэн Монголын уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байгаа нь илүү нөлөөтэй. Эдийн засаг томоохон гүрнүүдээс хэт хамааралтай байх нь тэр хэмжээгээрээ асуудал үүсгэж буй. Америкийн бодлогын хүүгийн өсөлт нь манайх шиг төсөв, мөнгөний хязгаарлагдмал орон зайтай эдийн засагт сулралын дарамтыг дахин сэргээж, эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.

Энэ жилийн хувьд манай улсад Оюу толгойн гүний уурхай болон Хятадын сэргэлтээс үүдэн эдийн засаг дорвитой дээшлэх шинжтэй. Гол нь үүнийг түшиглэж хараат байдлаа бууруулж, уул уурхайн бус салбарын хөгжилд анхаарах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)