Дундаж ба голч цалингийн зөрүү 464.9 мянган төгрөг болов

Admin | 2023-04-04


Өнгөрсөн оны IV улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 21.7 хувь өсөж 1.75 сая төгрөг болсон. Харин голч буюу медиан цалин 20.3 хувь нэмэгдэж 1.29 сая төгрөгт хүрсэн аж. Улмаар дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэж 464.9 мянган төгрөг боллоо. Дундаж цалин 1.75 сая төгрөг байна гэхээр дийлэнх хүмүүс хэн, хаана тийм өндөр цалин аваад байгаа юм бэ, гээд гайхширдаг. Учир нь бид дундаж цалинг медиантай андуурч ойлгоод байгаа хэрэг.

Манай нийт 1.2 сая ажилчдын яг тал нь медиан цалингаас их, үлдсэн тал нь багыг авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг монголчуудын тал нь 1.29 сая төгрөгөөс бага цалинтай. Харин дундаж цалин нь нийт цалингийн нийлбэрийг нийт ажилчдын тоонд хуваасан утга юм. Тэгэхээр маш өндөр цалин авдаг ажилчид их байх тусам дундаж цалин медиан цалингийн зөрүү нэмэгдэнэ.

Дээрх “зөрүү” нь өөрөө нийгмийн орлогын тэгш бус байдлын тусгал болдог. 2014 онд дундаж болон медиан цалингийн ялгаа 204.9 мянган төгрөг байсан бол 2022 оны эцэст энэ зөрүү 2.3 дахин өссөн байна. Дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэх нь хүн амын цөөн хэсэг илүү өндөр цалин авч, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад бага цалинтай хүмүүсийн дунд ядуурлын түвшинг нэмж болзошгүй.

Орлогын тэгш бус байдал нэмэгдсэнээр орлого багатай хүмүүсийн боловсрол эзэмших, орлогоо нэмэгдүүлэх боломж багасна. Цаашлаад бараа, үйлчилгээнд зарцуулах орлого нь багасаж хэрэглээний зардал нь буурснаар эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Манай улсад цалингийн ялгаа маш өндөр. Олон улсын байгууллагад ажиллагсдын цалин 5.2 сая төгрөг байхад урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин 1.1 сая байх жишээтэй. Энэ байдал л дундаж болон медиан цалингийн зөрүүг холдуулаад буй. Тэгэхээр цалин багатай салбаруудыг хөгжүүлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар орлогын тэгш бус байдлыг бууруулах хэрэгтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)