АХБ: Монголын эдийн засаг энэ жил 5.4, ирэх онд 6.1 хувь өсөх төлөвтэй

Admin | 2023-04-05


Азийн Хөгжлийн Банкны жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланд дурдсанаар Монголын эдийн засаг 2023 онд 5.4, 2024 онд 6.1 хувь тус тус өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн онд 3 хувь өссөн БНХАУ-ын эдийн засаг сэргэж энэ жил 5, ирэх 2024 онд 4.5 хувь тус тус өсөхөөр байгаа нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжинэ. Энэхүү сэргэлтийн гэрэл нь бүс нутгийн хөгжиж буй орнуудын хэтийн төлөвийг сайжруулна. Тодруулбал, бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд 4.8 хувьд хүрэх бөгөөд Өмнөд Азийн орнууд бусдаас илүү хурдан өсөхөөр байгаа аж.

Инфляц буурна: Түүнчлэн инфляц ирэх жилүүдэд багасаж, цар тахлын өмнөх түвшинд аажмаар ойртох төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн ерөнхий инфляц 2022 онд 4.4 хувь байсан бол энэ онд 4.2, ирэх жил 3.3 хувь болж буурахаар байна.

Монголын хувьд: Манай улсын инфляц 2008 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, урсгал тэнцлийн алдагдал нэмэгдсээр байгаа ч 2023, 2024 онд экспорт сэргэж, гаднын нөлөөлөл багасах тусам эдийн засгийн өсөлт хурдсахаар байгаа аж. Цаашлаад нийлүүлэлтийн шок, тасалдал багасаж инфляцын дундаж түвшин 2023 онд 10.9, 2024 онд 8.7 хувь болж буурах ч төгрөгийн сулрал, дотоод эрэлт сэргэснээс шалтгаалан Төв банкны зорилтот 6 хувиас давсан хэвээр байх нь. Нэмж дурдахад, манай төсвийн бодлого тэлэх хандлагатай хэвээр байх аж. 2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал 24.5 хувь өссөн бол 2024 онд уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцэн Засгийн газар зардлаа өсгөхөөр төлөвлөж байгаа аж.

Монгол Улсын тогтвортой өсөлтийг хангахын тулд хөрөнгө оруулалтын орчны иж бүрэн шинэчлэлийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ. Манай Засгийн газар уг асуудал дээр гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих агентлаг байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)