ЖДҮ эрхлэгчдэд олгосон зээл 32 хувиар буурчээ

Admin | 2023-04-11


Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шинээр олгосон зээл өнгөрсөн онд 32 хувь буурсан байна. Ер нь Монголд уул уурхайн бус салбар, ЖДҮ, үйлчилгээг яаж дэмжиж байгаа вэ.

Энэ оны эхний хоёр сард жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл жилийн өмнөхөөсөө 5 хувь буурчээ. Үүнийг дотроо задлаад харвал бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд олгосон зээл 39 хувь өссөн ч боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгосон зээл 22, үйлчилгээ эрхлэгчдэд олгосон зээл 28 хувиар тус тус буурсан байна.

“Монголын ногоон хөгжил, оёдлын үйлдвэр худалдааны хамтын зөвлөл” НҮТББ-аас Монголын оёдлын салбарыг бүтцээр нь хөгжүүлж, импортыг орлохуйц экспортын бүтээгдэхүүнийг орлох зорилготой “Оёдлын салбарын кластер - 20000” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 2025 гэхэд оёдлын салбарт 20.000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.

Оёдлын салбарыг хөгжүүлэх уг төслийг хэрэгжүүлэхэд “Таван Богд Финанс” ББСБ ХХК оролцож байгаа. Тэд жилийн 6 хувийн хүүтэйгээр 80 сая төгрөг хүртэлх зээлийг олгоно. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг зээлийн батлан даалтын сантай хамтран шийдэж буй. Төслийн явцыг харвал, одоогийн байдлаар 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 28 зээлдэгчид олгож, 150 ажлын байр бий болгожээ. Харин 2023 онд нийт 2.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 200 зээлдэгчид олгож, 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.

2020 оны байдлаар оёдлын салбарт 1561 компани, 3230 хувиараа хөдөлмөр эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 15.5 мянган хүн ажиллаж байсан бол уг төсөл амжилттай хэрэгжсэнээр оёдлын салбар хоёр дахин их хүчин чадалтай болох нь.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)