2008 оны санхүүгийн хямрал давтагдах уу?

Admin | 2023-04-11


АНУ-д арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө (CRE)-ийн зээлийн нөхцөл байдал нь 2008 оны хямралаас хүнд байдалд оруулж болзошгүй. Учир нь энэ салбарын 1.5 их наяд ам.долларын өрийг 2025 оноос өмнө төлөх эсвэл дахин санхүүжүүлэх шаардлагатай.

CRE-н салбар хэдийн уналтад ороод эхэлчихсэн бөгөөд “Morgan Stanley”-н шинжээчдийн үзэж буйгаар оргил үеэсээ 40 хувь хүртэл унах магадлалтай гэнэ. Энэхүү хүндхэн нөхцөл байдал нь зөвхөн CRE төдийгүй хамаарал бүхий бүх салбарыг хохироож болзошгүй. Энэ дунд Америкийн банкны салбар хамгийн том хохирогч болох магадлалтай аж.

Америкийн жижиг банкнууд нийт CRE-н салбарт олгосон зээлийн 68 хувийг бүрдүүлж байгаа. Харин энэ онд дуусах 450 тэрбум долларын үнэлгээ бүхий энэ төрлийн зээлийн 60 хувь нь банкнуудынх аж. Уналттай байгаа энэ салбарт хийсэн JPMorgan (JPM)-н судалгаагаар арилжааны үл хөдлөх хөрөнгө (оффисын зориулалттай)-өөр баталгаажсан үнэт цаас (CMBS)-ны 21 хувь нь дампуурах эрсдэлтэй гэнэ. Улмаар энэ нь банкны салбарт 38 тэрбум ам.долларын алдагдал учруулж болзошгүй байдал бүрджээ.

Банкнууд их хэмжээний зээл олгосон нь энэ бүх асуудлын дан ганц шалтгаан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Холбооны Нөөцийн сангийн хоёр жил дамнасан бодлогын хүүгийн өсөлт зээлийн хүүг нэмэгдэхэд хүргэж буй. Зээлийн өртэй байгууллагууд өмнөх зээлээ төлөхийн тулд илүү өндөр хүүтэй зээл авах болж таарна. Гэхдээ өрийн дарамтад буй зээлдэгч үүнийг хүсэх нь юу л бол. Түүнчлэн зарим байгууллагууд ажилчдаа гэрээс нь ажиллуулж зардлаа хэмнэж байгаа нь оффисын үл хөдлөх хөрөнгийн салбарт ихээхэн сөргөөр нөлөөлөх болжээ. Америкийн банкны салбарт хадгаламж эзэмшигчдийнх нь тал нь хөрөнгөө татахад дампуурах эрсдэлтэй 190 орчим банк байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндхэн нөхцөл нь тэдэн улам л дарамт болсоор.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)